Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

2022-10-17

             Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төслөөс зохион байгуулж байгаа “Бэлчээр ашиглалт, малын тоо толгойн албан татвар” сэдэвт сургалт  Төв аймгийн Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Адаацаг суманд /2022.10.12-13/ тус тус боллоо.

           Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөдөө ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтыг явуулсан бөгөөд Баян-Өнжүүл, Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, багийн Засаг дарга нар болон сум, багийн иргэд, малчдын төлөөлөл оролцсон юм.

          Сургалтыг нээж Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төслийн зөвлөх Д.Түвшинтөр үг хэлж, төслийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тэрбээр сургалтыг нээж хэлэхдээ “Швейцарын хөгжлийн агентлагаас хөдөө аж ахуйн чиглэлээр тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Ногоон алт, Малын индексжүүлсэн даатгал, Малын эрүүл мэнд төсөл гэж Та бүхэн дуулсан байх. Ногоон алт төсөл нь бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар бэлчээрээ сайжруулах, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл байсан. Энэ төслийн үргэлжлэл гэж хэлж болох манай энэхүү төсөл нь бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, хариуцлагажуулахад орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа юм. “Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо толгойн албан татварын хэрэгжилтийг хангах нь” сэдэвт бүсчилсэн семинарыг зохион байгуулсан. Бүх аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, хурлын төлөөлөгч, Хөдөө аж ахуйн газар, Татварын газрын төлөөллийг оролцуулан 6 удаа зохион байгуулсан. Нийт 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарыг татварын байцаагчтай нь байлцуулан цахим сургалтыг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр энэхүү сургалтыг сум, багийн төвшинд зохион байгуулж байна. Хоёр аймгийн зэргэлдээ хоёр сумыг сонгон бэлчээр ашиглалт, малын тоо толгойн албан татварын талаар мэргэжлийн багш нар хичээл заах юм. Энэхүү сургалт маань үр дүнтэй болж, цаашид өөр олон сумдад хүрэх эсэх нь сургалтад хамрагдаж байгаа та бүхний идэвх оролцооноос шалтгаалах тул идэвхтэй оролцож, асууж тодруулах зүйл, санал бодлоо сайн хуваалцахыг хүсье” гэсэн юм.

            Хөтөлбөрийн дагуу “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, түүний ач холбогдол”, Бэлчээр ашиглах гэрээ, түүний ач холбогдол” гэсэн сэдвээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Ганхуяг хичээл заасан. “Дэлхий нийтийг хамарсан дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн улмаас бэлчээрийн хомсдол жил ирэх тусам нэмэгдэж уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлэхэд хүндрэл бэрхшээлтэй болсоор байна. Улирлын нүүдэл, сэлгээний тоо цөөрсөн, бэлчээрийг өрсөж, эмх замбараагүй  ашигладаг болсон, төв суурин газрын ойр, задгай устай газрын бэлчээрийг жилийн туршид ашигладаг зэрэг хүнээс хамааралтай хүчин зүйлс нь бэлчээрийн доройтолд хүргэж байна. Энэ нөхцөлд сум, орон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулах, өөрийн онцлогт тохирсон бэлчээр ашиглалтын журамтай болж, түүнийгээ даган мөрдөх нь бэлчээрийн менежментийг хариуцлагажуулах гол арга хэрэгсэл юм. Журам, гээрээний дагуу бэлчээрийг улирлын хуваарьтайгаар зүй зохистой ашиглаж, хамгаалснаар бэлчээр байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх юм” гээд Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам, гэрээний төслийн бүтэц, боловсруулах, хэлэлцэх, батлах, бүртгүүлэх, хэрэгжилтийг хангах талаар дэлгэрэнгүй ярилаа.

            Үүний дараа Бэлчээрийн ургац, даац тогтоох, бэлчээр сайжруулах талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал Аж Ахуй Биотехнологийн сургуулийн багш, дотор А.Эрдэнчимэг хичээл заалаа.  Бэлчээрийн ургацыг маш энгийн аргаар тогтоох талаар, ийнхүү тогтоосны ач холбогдол, бэлчээрийн даац, түүний тухай ойлголт, тогтоох, тодорхойлох арга, бэлчээр ашиглах алтан дүрэм, бэлчээрийн доройтол ба сэргэх чадвар, бэлчээрийн сэлгээ хийх бүдүүвч, бэлчээр хадланг сайжруулах аргууд, нэг наст болон олон наст тэжээлийн ургамал тариалах талаар  дэлгэрэнгүй тайлбарлаж таниулсан нь хичээлийн онцлог байлаа.

              Дараа нь, “Бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө нөлөө” сэдвээр Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх багш, доктор Ш.Гэрлээ хичээл заасан юм. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, түүнийг даган гарсан бусад хууль, дүрэм, журмууд, тэдгээрийн талаар, татвар тогтоосон байдал, давуу тал, тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах зүйлсийн талаар танилцуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах, сумын төвшинд хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрхэн санхүүжүүлэх талаар, хөгжлийн сангийн үйл ажиллагааны үе шат, бүлгийн зохион байгуулалтаад орсон малчид хэрхэн санал өгөх, хяналт тавих талаар тайлбарлан таниуллаа.

           Малын тоо толгойн албан татварыг орон нутаг яаж авахаа шийдэж, юунд зарцуулахаа мөн өөрсдөө хэлэлцэн шийдэж байгаа нь энэ хуулийн онцлог бөгөөд улсын дунджаар нэг ямаанд 1000, хонинд 900,  адуунд 800, үхрээс 500, тэмээнээс 150 төгрөгийн татвар авч байна. Сум, орон нутгийн төсөвт төвлөрөх энэ мөнгийг эргээд бэлчээрийн менежментэд, малчдад хэрэгтэй зүйлд зарцуулах хуулийн зохицуулалттай байна.

          Сургалтын төгсгөлд оролцогсдоос сонирхсон асуултаа асууж, санал бодлоо солилцсон бөгөөд сургалтыг сум, багийн төвшинд мэргэжлийн багш нар зохион байгуулж байгаад талархал илэрхийлэн цаашид улам өргөжүүлэх ялангуяа малчин өрх, малчдад чиглэсэн сургалт, хуулийн сурталчилгааны ажлыг идэвхжүүлж, оролцоог нь хангахыг хүссэн юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%