ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БУЮУ НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Нутгийн удирдлагын тогтолцоог авч үзэхдээ өөрчлөлт шинэчлэлтийн өмнөх ба өнөөгийн гэсэн байдлаар авч үзэх нь зүйтэй юм.
Ардын Засгийн газраас 1923 онд “Монгол улсын нутаг захиргааны дүрэм”-ийг баталсан бөгөөд түүний нэгдүгээр зүйлд ... арван гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараалан хурал байгуулан, элдэв хэрэг зүйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг эрхэмлэн хүндэтгэвэл зохино... гэж заасан байна. Энэхүү дүрмийн дагуу манай оронд 1924 оны 11-р сард Улсын анхдугаар ИХ ХУРАЛ ажиллаж эхэлснээр Хурлын нэгдмэл систем бүрэлдэн тогтжээ.
Улмаар 1924 онд төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг “Хурал” гэж нэрлэсэн байна. Энэ нэр нь :
1940 онд “Хөдөлмөрчин ардын хурал”
1949 онд “Хөдөлмөрчдийн депутатуудын хурал”
1960 онд “Ардын депутатуудын хурал” нэртэйгээр өөрчлөгдөж иржээ.
1992 оны ардчилсан шинэ “Үндсэн хууль”-ийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүх түвшинд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч байгуулагдсан бөгөөд 1992 оны 9 сарын 13-нд манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх 20 төлөөлөгчтэйгээр байгуулагдаж байжээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго:
Нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлж алсын хараатай бодлого, өндөр соёлтой төрийн үйлчилгээ, орон нутгийн тогтвортой хөгжил, чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой амьдралыг бүрдүүлэхэд оршино.
Гэлгээгийн Сайнбуян сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хамгийн олон буюу 7 удаа сонгогдож, багийн ИНХ-ын даргаар 8 жил, багийн засаг даргаар 11 жил, сумын засаг даргаар 4 жил, ЗДТГ-ын даргаар 7 жил, 2020 оноос Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж 2010 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулж, сумын хүндэт дэвтэрт бичигдсэн билээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй, 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдан 2021-2024 онд бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд ажиллахаар баг хамт олон болон ажиллаж байна.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Сайнбуян Төлөөлөгчид болон Зөвлөлөө удирдан зохион байгуулж Сум орон нутгийн хөгжил, нийгэм эдийн засаг, бодлогын баримт бичгийн хүрээнд Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “Оюунлаг иргэд – Одоо цагийн хөгжил” хөтөлбөрийг боловсруулан үе шаттайгаар хэрэгжилтийг ханган иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.