Төв аймгийн Зуунмод сумын ИТХ нь 2014 оны 7 сараас эхлэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Олон нийтийн аудит” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Зуунмод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хуралдаанаар Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцүүлж, баг тус бүрээс 1 иргэнийг багийн ИНХ-аас санал болгосны дагуу сонгож, №17 тоот тогтоолоор “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Энэхүү иргэдийн хяналтын бүлэг буюу Олон нийтийн аудитын \ОНА\ зорилго нь сумын хэмжээнд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын эхлэл, явц, гүйцэтгэлд хяналт тавих явдал юм.
“Олон нийтийн аудит”-ын гишүүдийн уулзалтыг сар бүрийн 15-ны 11:00 цагт тогтмол зохион байгуулдаг бөгөөд нийт 7 удаагийн хяналт шалгалтаар яваад байна.
Зуунмод сумын хэмжээнд 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр нийт 29 ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс 23 ажил хийгдээд байгаа ба үлдсэн 6 ажил нь төсөв санхүүжилтээс болон хийгдээгүй байна. Олон нийтийн хяналтын зөвлөл буюу аудит нь энэхүү 23 ажлын эхлэл, явц, гүйцэтгэлд хяналтаа тавин ажилласан болно.
Олон нийтийн аудитын гишүүдийг өөрсдийн гэсэн таних тэмдэгтэй болгож, албажуулахын тулд хантааз, таних тэмдэгтэй болгон ажиллаж байна.
ОНА-ын 7 гишүүнд төсөл хэрэгжих хугацаанд 100000 төгрөгийн урамшуулал олгосон нь гишүүдийн үйл ажиллагаа, идэвхи санаачилга, бүтээлч оролцоог идэвхижүүлсэн.
ОНХС-ийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих “Олон нийтийн аудит”-ын ажиллах журмыг боловсруулан, 2014.12.04-ний өдрийн Зуунмод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд олон нийтийн хяналтын зөвлөлийн ажлын үр дүнгээс шалтгаалан ач холбогдлыг судлах, олон нийтийн хяналтын зөвлөл байх нь үнэхээр хэрэгтэй юу, үгүйг тодорхойлон үзээд засварлаад дахин тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэх шатандаа явж байна. Хэрвээ энэхүү журам батлагдвал бодлогын бичиг баримттай болж ОНА-ын гишүүд албан ёсны эрх, үүрэгтэй болж өгнө.
Төслийн хүрээнд мөн тухайн багт ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих зорилгоор 1, 2, 6-р багууд дээр багуудын дэд зөвлөлүүдийг байгуулсан бөгөөд ОНХС-ийн хөрөнгөөр багуудад хийгдсэн ажлуудын зурагт самбарыг, тогтмол санал авах саналын хайрцгийн хамт 6 багийн Засаг дарга нарт гардуулан өгсөн.
Сумын ИТХ-ын дэргэд ОНХС-ийн мэдээлэл бүхий самбар байршуулан мэдээллүүдийг ил тод байрлуулан ажилласнаар ОНХС-тай холбоотой бүх төрлийн мэдээллийг иргэд нэг дороос авах боломжийг бий болгож өгсөн.
ОНХС-ийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ тавьж ажиллах Олон нийтийн аудит байгуулан ажилласнаар иргэдийн оролцоотой хяналт бий болох, хэсэг бүлэг иргэдийг түр ажлын байраар хангах, хяналтын зөвлөлийн гишүүд мэдээлэлтэй болж, ОНХС-ийн талаар мэдлэг нь сайжирч, чадваржиж байгаа, ОНХС-ийн хэрэгжилтэд иргэдээс санал авч мониторинг хийх шинэлэг ажил болж байгаа гэх мэт үр дүнгүүд гарсан.