Баянзүрх дүүргийн ИТХ нь иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө ажлаа хариуцан тайлагнах арга замыг бий болгох, “Мэдээллийн түргэн тусламж” сүлжээг иргэдийн оролцоотой бий болгох зорилго бүхий тэтгэлэгт төслийг дүүргийнхээ 17-р хороон дээр хэрэгжүүлж байна.
Баянзүрх дүүргийн 17-р хороо нь 134 га нутаг дэвсгэртэй, 11748 хүн амтай, 3140 өрхтэй, 10 хэсэгтэй байна.
Зар мэдээг хэрхэн үр дүнтэй хүргэх талаар жишиг загвар бий болгох зорилго бүхий энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагааг хийхдээ тус хорооны 2868 өрхөд урилга бүхий тэтгэлэгт ажлын танилцуулга, төлөвлөгөөг хүргүүлж, 20 дэлгүүрт плакат, хорооны гадна хананд хамтран ажиллах хүсэлт бүхий анонс байршуулан өргөн хүрээтэйгээр зар, мэдээгээ явуулсан. Үүний үр дүнд төслийн нээлтийн үйл ажиллагаанд 125 иргэн хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд өрх бүрт тэтгэлэгт төслийн талаарх мэдээлэл хүрснээр нээлтэнд ирж чадаагүй иргэд утсаар болон хариуцан ажиллаж буй хүнээр дамжуулан холбогдож, санал бодлоо илэрхийлсэн.
Төслийн хүрээнд тус хорооны иргэдээс иргэд мэдээ, мэдээллийг ямар хэлбэрээр авах хүсэлтэй байгаа, мэдээллийн самбаруудыг хаана байршуулах, иргэдэд ямар мэдээлэл илүү хэрэгтэй талаар болон “Хариуцлагатай иргэн” клубт нэгдэн ажиллаж чадах эсэх тухай санал асуулга бүхий судалгаа авсан.
Энэхүү судалгаагаар иргэдтэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, хамтран ажиллах боломжтой иргэдийн бүртгэл гаргаж, ямар хэлбэрээр иргэдэд мэдээ, мэдээллээ хүргэхээ тодорхойлж, иргэдэд хэрэгтэй байгаа мэдээллүүдийг эрэмбэлсэн.
Мөн санал асуулга явуулснаар иргэдийн хүсэлтийн дагуу гар утсаараа дамжуулж мэдээ, мэдээллийг хүргэх болсон тул Скайтел компаний үйлчилгээг сонгож гэрээ байгуулж, тус хорооны нийт өрхийн мэдээ, мэдээлэл хүлээж авах утасны дугаарын жагсаалтыг гаргаж, мэдээллийн самбарыг 43 дэлгүүрт байршуулсан.
Тэрээр иргэдийнхээ хүсэлтийн дагуу сард багадаа 4 удаа хорооны нийт өрхөд болон зарим мэдээллийг зорилтот бүлэгт интернет хуудас ашиглан гар утсанд мессеж бичдэг үйлчилгээг сонгож 1 жилийн гэрээ байгуулсан. Энэ нь гэр хорооллын хороонд ажилладаг хэсгийн ахлагч нарын хувьд айдас дунд айлаар хэсдэг ажил хөнгөвчлөгдөх сайн талтай байна.
Төслийн хүрээнд хийсэн бас нэг ажил бол “Мэдээллийн түргэн тусламж” сүлжээг иргэдийнхээ оролцоотой бий болгосон явдал юм.
Энэхүү “Мэдээллийн түргэн тусламж” сүлжээг хорьтын системээр зохион байгуулсан бөгөөд тус хорооны өрхийг хорь хориор бүлэглэн хувааж, газрын зурагт тэмдэглэгээ хийсэн. Төсөл хэрэгжиж байгаа 17-р хорооны 3140 өрхөд 153 хорьтын сүлжээ байхаас 108-ыг нь үүсгэсэн байна. Хорьтын сүлжээ бүр нь сүлжээний ахлагчтай бөгөөд сүлжээний ахлагч нь утсаар өгөх боломжгүй мэдээ мэдээллийг өөрийн бүлгийн өрхүүдэд хүргэх, өөрийн бүлэгт хамаарах өрхөд тулгамдаж буй асуудлыг эргэн мэдээлэх мэдээллийн зуучлагч байх юм байна.
Баянзүрх дүүргийн ИТХ нь иргэдийг идэвхжүүлж, иргэд хариуцлагатай байдлаа өөрсдөөсөө эхлэх ёстой гэсэн хандлагыг бий болгох зорилго бүхий “Хариуцлагатай иргэн” клубыг нээж, тус клубт 189 иргэн нэгдсэн байна.