Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал: “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” төслийн тайлангийн илтгэлээс

2014-12-24

2014 оны 11-р сарын 24, 25-нд тэтгэлгийн тайлан семинарыг Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд тэтгэлэгт хамрагдсан аймаг, сум, дүүргийн 16 хурлынхан энэхүү семинарт оролцов. Уг семинарт илтгэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ-ын “Явуулын Иргэний танхим”-ыг та бүхэнд толилуулж байна.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 2014 оны 07-р сарын 04-21-ны өдрүүдэд Тоглох, Дойт, Өгий, Орхон багуудад “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж, төслийн нээлтийг  хийсэн.2014 оны  08-р сарын 02-ны өдөр  сумын ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдааныг иргэдэд нээлттэй зарлан Өгийнуурын эрэг дээрх Сургалт Мэдээллийн Төвд  хуралдуулсан.Өгийнуурт усан замын тээврийн хэрэгслийг явуулахдаа тодорхой  тогтоосон секторт, нуурын эргээс 1км-ээс илүүгүй зайд зорчих ба тусгай бүртгэлийн гэрчилгээтэй, зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийг явуулахыг зөвшөөрсөн. Мөн аялал жуулчлалын баазууд, эко гэрүүд болон аялагчдаас тодорхой хэмжээний хураамжийг авч, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр шийдвэр гаргасан.  Түүнчлэн Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн шилдэг бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах, иргэний оролцоог хангасан сайн туршлага судлах зорилгоор 2014 оны 09-р сарын 23-ны өдөр төлөөлөгчид Зуунмод суманд удирдамжийн дагуу ажиллаж, дараах зүйлүүдийг үзэж танилцлаа."Нийтийн тээвэр”, “Хоггүй хот” хэлэлцүүлэг ба “Олон нийтийн аудит” төслийн хэрэгжилт, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа болон бусад бүтээн байгуулалтын томоохон ажлууд болох 1000 айлын орон сууц, Баянхошуу жишиг хороолол, орон сууцны шинэчлэл, 3D кинотеатр, спорт заалны цогцолбор, соёл амралтын хүрээлэн, хүүхдэд ээлтэй дотуур байр, салхин цахилгаан станц зэргүүдийг үзэж сонирхсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээг зохицуулж байгаа Монгол Улсын бүх хуулийн заалтуудыг эмхэтгэн ном болгон хэвлүүлж, “Төв аймаг”, “Төв аймаг шинэчлэлийн  гараа”, "Зуунмод” зэрэг сэтгүүл гарган үйл ажиллагааныхаа  талаар болон иргэдийн оролцооны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчилахын  зэрэгцээ олон сайхан ном, товхимол гарын авлагуудыг гарган иргэддээ тараасан байлаа.

Сумын ИТХ-ын ажлын алба, төсвийн байгууллагын удирдлагууд, төлөөлөгч,  иргэдийн төлөөлөл зэрэг 24 хүнд 2014 оны 10-р сарын 25-26-ны өдрүүдэд сургагч багш       урьж ирүүлэн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хөтлөх арга зүй, иргэдийн оролцоо, түүнийг хангах арга замуудын талаар сургалт хийсэн. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд иргэдийн оролцоо, түүнийг хангах арга замуудыг тодорхойлох, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, ИТХ-аас гарч буй шийдвэрт иргэдийн саналыг хэрхэн тусгах талаар сургалт зохион байгуулсан.

Зар мэдээг багийн иргэдэд хэрхэн хүртээмжтэй  хүргэх, түгээх талаар 2014 оны 10-р сарын 15-28-ны өдрүүдэд багийн өрхүүдээр явж санал асуулга авсан байна.      

“ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМ”

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаарх иргэдийн ойлголт, орон нутгаас гарч байгаа бодлого, шийдвэрт иргэдийн санал бодол тусаж байгаа эсэх, тэдний оролцоог хэрхэн хангаж байгаа, мөн тэдэнд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа, түүнийг нь хэрхэн шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, төлөөлөгчид иргэдтэйгээ хэрхэн ажиллаж байгаа цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд яаж ажиллах талаар иргэдийн санал бодлыг сонссоны үндсэн дээр явуулын танхимын ажиллах журмыг хийж, батлуулсан.

Өгийнуур сумын ИТХ-ын дэргэдэх “Явуулын иргэний танхим”-ын ажиллах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Орон нутгийн хэмжээний бодлого, шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгахын тулд тэдний санал бодлыг шийдвэр гаргагчид сонсгох, олон нийтийн дунд тулгамдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна,  Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ гэж  хуульчлан баталгаажуулсныг үндэслэл болгож  тэднийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах явдал юм.

Хоёр. Зорилго

Хөдөөгийн багийн иргэдийн  санал бодлыг сонсох, шийдвэр гаргагчдад хүргэх, улмаар шийдвэрт тусгуулах, төр, иргэний  хоорондын уялдаа холбоог хангах, төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд сонгогчидтой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог хангахад оршино.

Гурав. Үйл ажиллагааны зарчим

3.1 Явуулын иргэний танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.

3.2 Явуулын иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана.Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Явуулын иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.

Дөрөв. Явуулах үйл ажиллагаа

4.1 Орон нутагт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлууд, орон нутгийн хөгжлийн талаар, ИТХ-ын шийдвэрийн төсөл, тухайн багаас сонгогдсон төлөөлөгчийн санаачлан шийдүүлэх гэж буй асуудал, Засаг даргын шийдвэрүүд, нийтээр дагаж мөрдөх эрхзүйн бусад акт, иргэдэд тулгамдаж буй асуудлууд зэрэгт иргэдийн саналыг авч тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах

4.2 Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзах, тэдэнд тулгамдсан асуудлаар санал солилцох, тухайн орон нутагт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар олон нийт санал бодлоо солилцох, орон нутгийн төрийн байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх зорилгоор уулзалт, сургалт зохион байгуулах

4.3 Орон нутгийн төрийн болон ТББ-аас иргэдэд зориулсан төрөл бүрийн сургалтуудыг тус танхимаар дамжуулан зохион байгуулах

4.4 Орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг явуулын иргэний танхимаар  дамжуулан хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулах, түүнээс гарсан шийдвэрийг зохих шийдвэр гаргагч нарт уламжлах

Тав. Иргэний танхимын гүйцэтгэх үүрэг

5.1 Аливаа асуудлаар шийдвэр гаргахад орон нутгийн иргэдийн  оролцоог хангаж тэдэнд үйлчлэх явдал юм.Үүнд:

5.1.1Хэлэлцэж буй тодорхой асуудлаар саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг тэдэнд олгох

5.1.2 Тэдний хэрэгцээ шаардлагыг ямар нэгэн шат дамжлаггүйгээр өөрсдөөс нь шууд сонсож мэдэхэд нь орон нутгийн шийдвэр гаргагч нарт туслах, тэдэнтэй  холбож өгөх

5.1.3 Иргэний танхимд хэлэлцэгдэх асуудлын талаарх бүрэн мэдээллийг бүх талуудад тэгш хүртээмжтэй хүргэх

Зургаа. Шийдвэр гарахад иргэдийн оролцоо

6.1 Иргэдийн оролцооны хамгийн чухал хэлбэр бол тухайн шийдвэр гаргах явцад биечлэн оролцох явдал юм. 

Долоо. Бүтэц, зохион байгуулалт

7.1 Иргэний танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна.

7.2 Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал, зохион байгуулагч талаас тус тус бүрдэнэ.

7.3 Оролцогч нь тухайн орон нутгийн иргэд байна.

7.4 Асуудал оруулагч тал нь Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төрийн бүх байгууллагууд, ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, тухайн багийн удирдлагууд байна.

7.5 Хэлэлцүүлгийг тухайн товлосон газар очиж явуулын иргэний танхимаар зохион байгуулна.

7.6 Зохион байгуулагч нь ИТХ-ын ажлын албаны Иргэний танхим хариуцсан мэргэжилтэн байна.Уг мэргэжилтэн нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл хүлээж авах, цуглуулж эмхэтгэх, саналыг ангилж бэлтгэх, хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах, олон нийтэд сурталчлах, гарсан шийдвэрийг холбогдох түвшний шийдвэр гаргагчдад хүргэх, хүрсэн үр дүнг иргэдэд эргэн тайлагнах зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

7.7 Төсөл оруулж буй талаас төслийн талаар ирсэн саналыг Иргэний танхимын ажилтнаас авч нэгтгэн, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган Танхимын хэлэлцүүлэгт оруулах  

9.5 Хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн иргэдээс байрны багтаамжаас хамааран дараалуулж урилга олгоно. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийж болно.

9.6  Ижил байр суурьтай иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд иргэд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.

9.7 Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн       хаагчид холбогдох мэргэжилтэнг урилгаар оролцуулж болно.  

Арав.  Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

10.1 Хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байрлуулах, компьютерээр материал үзүүлж танилцуулах, оролцогчдын материалыг хэлэлцүүлэг эхлэхээс өмнө ажлын албаны  Иргэний танхим хариуцсан мэргэжилтэн  хүлээн авч техникийн бэлтгэл хангана.

10.2 Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

Арван нэг. Хэлэлцүүлгийн дэг 

11.1 Хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, хэлэлцүүлгийн танхимын зочдын тоо, хэлэлцүүлэгт асуудал оруулж буй төсөл боловсруулагч талыг ажлын албаны Иргэний танхим хариуцсан мэргэжилтэн сонсгон танилцуулж хэлэлцүүлгийг нээнэ. Хэлэлцүүлэгт бичгээр ирсэн саналын тоо, хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.

11.2 Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын нарийн төвөгтэй байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Ингэхдээ нэг хүний үг хэлэх хугацааг 3-5 минутаар тогтоож болно.

11.3 Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгох ба ингэхдээ нэг хүн А-4 хэмжээний бүтэн хуудас материал уншиж танилцуулж чадахуйц хэмжээгээр цаг олгоно.

11.4 Төсөл боловсруулсан тал  оролцогчдод төслийг танилцуулна.

11.5 Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно.

11.6 төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг дэмжсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх

11.7 төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг эсэргүүцсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх

11.8 тайлбар, саналтай хүмүүс үг хэлэх. Хэрэв төслийг дэмжсэн, эсэргүүцсэн, төсөлд  санал тайлбар хийхийг хүссэн хүний тоо тус бүр 3-аас илүү бүртгэгдсэн бол тэдгээр байр суурьтай хүмүүс ээлжлэн үг хэлнэ.

11.9 Оролцогчид байр сууриа илэрхийлж дууссаны дараа асуудал оруулагч талаас шаардлагатай гэж үзвэл оролцогчдод болон урилгаар оролцож буй хүмүүс, төрийн албан хаагч, бусад зочдод хандан асуулт тавьж болно.

11.10 Асуулт хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. Ингэхдээ нэг хүнд 3 хүртэл минутын хугацаа олгоно.

11.11 Хэлэлцүүлгийг даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.

Арван хоёр. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

12.1 Явуулын иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч  дууссаны дараа дахин хэлэлцүүлэгт оруулах шаардлагагүй гэж үзвэл төсөл боловсруулсан тал төслийн эхийг 2-3 хоногт багтаан эцэслэн боловсруулж холбогдох албан тушаалтанд танилцуулна.

12.2 Иргэний Танхимд төслийн талаар ирүүлсэн бүх санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттай төслийн шинэчилсэн хувилбарыг шийдвэр гаргах хуралд оруулна.

12.3 Хэлэлцүүлэг нь хүн бүрийн саналыг шийдвэрт заавал тусгах үндэслэл  болохгүй. Харин шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, саналаа чөлөөтэй илэрхийлж, сонсгох илүү өргөн боломж бий болгоход үйлчилнэ.

12.4 Нээлттэй хэлэлцүүлгийн тэмдэглэл, Иргэний танхимд төслийн талаар ирүүлсэн бүх санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттай төслийн шинэчилсэн хувилбарыг Иргэний танхимд ирж үзэж танилцаж болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%