Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) , Тосонцэнгэл, Отгон, Дөрвөлжин, Баянтэс сумдад энэхүү тэтгэлэгийг хэрэгжүүлжээ.
Тэтгэлэг хэрэгжүүлснээр зорилтот сумдад орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) болон олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа (ОНОХАА) ын талаархи олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, ОНХС-гийн төлөвлөлт, зарцуулалт, хяналт, тайлагналтанд үнэлгээ өгөх зорилтыг дэвшүүлэн ажиллажээ.
Зорилтот сумдын иргэдэд орон нутгийн хөгжлийн сангийн талаар мэдээлэл өгөх, үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах, хяналт, үнэлгээ хийж, түүндээ үндэслэн ОНХС-ийн төлөвлөлт, хэрэгжилтийн талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах, цаашид анхаарах асуудалд тулгуурласан зөвлөмж боловсруулан гаргасан байна. Мэдээллийг орон нутгийн ТВ, сонин, сайт, болон зурагт хуудас, нугалбар хэлбэрээр олон нийтэд хүргэсэн ажээ.
Тэтгэлэг хэрэгжиж эхлэхээс өмнө судалгаа авахад Улиастай , Тосонцэнгэл / хүн амын төвлөрөл их / сумдад ОНХС-ийн талаар хангалттай мэдээлэлгүй, мэдээллийг бусдаас ам дамжин сонсдог, багийн иргэдийн оролцоо хангалтгүй, ОНХСан хэдэн төгрөгөөр батлагдсаныг мэдэхгүй байхад Отгон, Дөрвөлжин, Баянтэс сумдад иргэдийн мэдээлэл харьцангуй өндөр, иргэдийн оролцоо сайн байгаа нь хүн амын төвлөрөлтэй холбоотой байгаа нь харагдсан.
Иргэдээс санал авах, хурал зарлахад зардал их гардаг, иргэдийн идэвхи оролцоо хангалтгүй, хурлын ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй, цаг хугацаа их шаарддаг, иргэд ач холбогдол багатай төсөл арга хэмжээг эхний дугаарт эрэмбэлдэг гэсэн байна.Төслийн хэрэгжилийн хугацаанд 5 сумын 90 хүн гурван талт түншлэл зөвлөлд, 27 хүн хяналтын зөвлөлд орж, иргэдийн оролцоотой хяналт, ОНХС, ОНОХАА-ын талаар хийсэн сургалтанд хамрагдаж, шууд бус утгаараа 4400 хүнд мэдээлэл хүргэжээ.
Улиастай сумын Засаг даргын 2014 оны 07 сарын 07 ны өдрийн А/ 114 тоот захирамжаар байгуулагдсан иргэдийн хяналтын 3 бүлэг Улиастай суманд хийгдэж буй ажлын явцтай танилцахад дараах зөрчлүүд илэрчээ. Тосонцэнгэл суманд 2013 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн замын гэрэлтүүлгийн ажил төлөвлөлтийн буруугаас дуусаагүй байна. Замын трасс тавиагүй байхад гэрэлтүүлэг төлөвлөснөөс хаагуур хийх нь тодорхойгүй болсон. Улиастай суманд баригдсан халуун усны барилга дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс ашиглалтгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн 2013 оны ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн санал авч эрэмбэлээгүй, 2014 онд санал авч эрэмбэлсэн боловч тэргүүн ач холбогдол бүхий ажил орхигдсон байгаа нь иргэдийн ойлголт муу байгаатай холбоотой гэж үзжээ.
ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэж байгаа ажлуудыг үр өгөөжтэй болгох үүднээс цаашид жилийн батлагдсан төсөв, эрэмблэгдсэн ажлын жагсаалтыг мэдээлэлийн самбар, сонин ТВ гээр олон нийтэд хүргэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн бүлгээр хийлгэх ажлын жагсаалт гаргаж зарладаг байх. Мөн гурван талт түншлэлийн зөвлөл, иргэний хяналтын ажиллах журам боловсруулж, тухайн шатны ИТХТ-ын хурлаар батлуулан мөрдүүлж ажиллах, үр дүнг тайлагнадаг байх, ОНХС-ийн талаарх мэдээллийг бүх шатанд иргэдэд хүргэх хэрэгтэй байгаа нь тэтгэлэг хэрэгжүүлэх явцад тодорхой болжээ.