Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ, АЙМГИЙН ИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН АХЛАГЧ МЯГМАРЖАВЫН ГАНБААТАРТАЙ ЯРИЛЦСАН ЯРИЛЦЛАГА.

2015-11-30

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын Баруун бүс хариуцсан төлөөлөгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Мягмаржавын Ганбаатартай ярилцлаа.

-Монгол бахархлын өдрөөр үндэсний дээл хувцсаараа гоёж, ард иргэддээ үлгэр дууриалал болж байгааг тань харах сайхан байна. Тэгэхээр энэ өдөр бид яг юугаараа бахархах ёстой вэ?

-Энэ өглөө босоод надад маш сайхан сэтгэгдэл төрсөн. Чингисийн төрсөн өдөр гэж байгаа боловч Монголын бахархлын өдөр. Энэ өдөр бид юугаараа бахархах ёстой вэ гэвэл Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой. Мөн ёс заншил, өв соёл, газар нутаг, хил хязгаараараа бид бахархах ёстой. Ялангуяа Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж ирсэн үе үеийн өвөг дээдсээрээ бид бахархах ёстой.

   Тийм ч учраас өнөөдөр ээжийнхээ оёж өгсөн шинэ дээлийг өмсөөд, бас шинэ гутал өмсөөд явж байна. Монголоороо бахархаж, монгол хувцсаараа гоёх нь монгол хүн бүрийн ариун үүрэг. Өнөөдөр эхнэртэйгээ хамтдаа монгол хувцсаар гоёчихоод музей үзье, дэлгүүр хоршоогоор хэсье гэж бодож байна.

  Бас манай аймагт хэн хамгийн сайн монгол үндэсний хувцас оёж байна тэр хүн дээр очиж хувцас захиална. Оройдоо Улаангомын ойролцоо байгаа нутгийн малчин ахынд очиж хонох бодолтой байна.

-Ардчилсан засаглал тогтоод 1000 өдөр өнгөрсний баярыг аймгийн хэмжээнд бүх сумдад тэмдэглэж байна. Тэгэхээр танай намын мөрийн хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй явж байна вэ?

-Шударга хэлэхэд аймгийн АН-ын 2008, 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах голлох байр суурин дээр сууж байсан хүмүүсийн нэг нь би байгаа юм. Өнөөдөр 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эргээд харахад 85-90 хувьтай биелээд байна. Бүтээн байгуулалтын ажлууд гол байсан. Мөн шударга ардчилсан засаглал, зарчмыг тогтоох явдал байсан. Одоо цагт хүмүүсийн дур зоргоороо байдал буюу хэт ардчилал үүсчихээд байна. Дэлхий дээр төрөө зүхэж байгаа ард түмэн байхгүй. Гэтэл монголчууд төрөө зүхэж байна. “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж Жасрай гуайн хэлсэн алдарт үг бий. Шуудай гурилыг үхрээр сольж байсан үе бий шүү дээ. Ер нь бол 20-иодхон жилийн өмнө бидний идэж ууж байсан хоол хүнс, хувцас хунарыг одооны хүүхдүүд мэдэхгүй л дээ. Тухайн үед амьдарч байсан хүмүүс нь болохоор мартчихаж. Улаангом ямар байлаа, бүгд мартсан. Ийм л байсан юм шиг санадаг. Улаангомыг хөгжүүлснээр өрнө, дорнын бүх соёл, технологи орж ирлээ. Бид одоо хөгжлийн гараан дээр байна.

   Улаангомыг гоё болгочих юмсан гэж мөрөөдөж явсан маань биелэсэн. Одоо үүнээс цааш залуучууд авч явах ёстой. Увсчууд бид гутлаа оёдог, боов боорцог, бялуугаа хийчихдэг, жимсээ тарьчихдаг, дарс үйлдвэрлэдэг гэх мэтээр бүгдийг хийж сурч байна. Олон хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан. Үүний үр дүн удахгүй гарах байх.

-Удахгүй сонгууль болох нь. Та нэр дэвших үү?

-Би 23 жил ардчиллын төлөө зүтгэж, залуу насаа, амь амьдралаа ардчилалд зориулсан. Миний хамгийн үнэтэй алтан цаг, ид золбоотой залуу нас маань ийшээ орсон болохоор би ардчиллыг хайрлахаас өөр аргагүй. Одоо залуучуудын үе ирсэн тул зай тавьж өгнө. Гэхдээ арын морьдын тоос харагдахгүй бол явж л таарна.

-Ихэнх хүмүүс маргаашдаа бэлдэж амьдарч байна. Цөөн тооны хүмүүс өнөөдөрт амьдардаг. Бас өнгөрсөнд амьдарч байгаа хүмүүс ч бий. Би хувьдаа таныг өнөөдөрт амьдарч байгаа цөөн хүмүүсийн нэг гэж боддог юм?

-Би өнөөдөр, маргааш хоёрын аль алинд нь амьдардаг.

 Жил бүр Европын орнуудаар хувийнхаа зардлаар ганцаараа явж хэсүүчилж ирсэн. Манай аймагт надаас өөр ингэж тэнүүчилдэг хүн байхгүй гэдгийг ам бардам хэлж чадна. Би тэндээс гутал хайж очдоггүй, бараа дарж ирээд дамлах гэж явдаггүй. Шинэ санаа олох гэж, өндөр хөгжилд хүрсэн тэдгээр орнуудаас туршлага, технологийг нь судлах гэж явдаг. Ер нь бол 5 сая төгрөгтэй байхад гоё юм үзэж хараад ирдэг. Ирээд бусаддаа хурдан хэлэхгүй бол мартчих гээд хэцүү байдаг юм. Би Европын орнуудаар аяласан бичлэгээрээ таван нэвтрүүлэг хийж орон нутагтаа цацаж байлаа.

  Зарим хүмүүс нэг их юм олох гээд л, мөнгөтэй болох гээд л давхиад байдаг. Бас түүндээ гэнээд, ядраад, туйлддаг. Хүн мөнх биш шүү дээ. Алийн болгон тэгж явахав. Гэтэл харсаар байтал баялаг бүтээгээд сайхан амьдраад явж байгаа нэг хэсэг бас байна. Би одоогийнхоо амьдралд 100 хувь сэтгэл ханамжтай байдаг.

-Та Монгол Улсын Газрын тосны газрын Баруун бүс хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэгэхээр Увс аймагт явагдаж байгаа газрын тосны хайгуулын ажил ямар шатанд явж байна вэ?

-Одоогоор Монгол Улсад маш хурдтай хэрэгжиж байгаа гэрээ бол “Увс-1” газрын тосны хайгуулын ажил юм. Энэ талбай дээр хайгуул хийх тендерийг олон улсын хэмжээнд зарласан. Үүнд Америк, Гонконг, Австрали, Бээжингийн хамтарсан компани ялж, ажил нь эхлэхгүй 5 жил хүлээгдэж байсан.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөхгүй байж байгаад энэ жил зөвшөөрсөн. Энэ ажил одоо маш хурдтай явагдаж байна. Хүмүүст хамгийн гол нь үүний ач холбогдлыг зөв таниулах ёстой. Манай аймгийн Засаг дарга сайн ажиллаж, орон нутагт хийх ажлын үүрэг чиглэлийг маш тодорхой зааж өгсөн. Ингэснээр майхантай ирээд хайгуул хийдэг хятадуудыг кемп бариулж, тохиолог дулаан орчинд монгол 41, хятадын 73 ажилчин ажиллаж байна. Аймгийн 90 жилийн ой болсон тул ажил оройтож, 9 сар гаргаж байж эхлэсэн. Одоогоор хоёр өрөм тавиад байна. Нэг өрөм нь 950 м өрөмдөөд зогссон. Нөгөө нь 1620 м-т явж байна.

Миний ажлын гол чиг үүрэг бол энэ компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, хангуулах зорилготой. Малчин сумынхан маань энд ажиллаад өндөр цалин авч байна, мал махаа зарж байна. Энэ жил таван өрөм тавих ёстой байснаас хоёрыг л тавьсан. Эхний 4 жилд 54 өрөм тавих ёстой. Энэ сарын сүүлээр ажил зогсоод хавар эхлэнэ. Ирэх жил Наранбулагт хайгуул хийх юм бол тэндээс ажилчин авна. Газрын тос гарч ирээд зөв залаад явах юм бол манай аймаг урд хөршийн Карамая хотоос дутахааргүй сайхан хот болно. Нефтийн үйлдвэр баригдаасай, газрын тос илрээсэй гэж бодож байна. Тэгвэл Увс аймаг маань хөгжиж, ард түмэн маань баян чинээлэг амьдрах юм. Жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болно. Энэ компанийн ажилчдын хоолыг нэг хэсэг нь нийлүүлж, нөгөө хэсэг хувцсыг нь оёх гэх мэтээр маш олон төрлийн үйлчилгээг орон нутгаас нийлүүлэх боломжтой. Харин дараа дараагийн сонгуулиар гарч ирэх Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд тогтсон үйл ажиллагааг нь битгий самраад хаячихаасай билээ гэж айж байна.

-Та аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүн. Тухайн үед ажлаа өгөхөөс өөр гарц олдоогүй юм уу?

-Би архи амсахаа болиод хоёр жил болж байна. Тэр өдөр Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй архи уусан тухай мэдээлэл аймгийн Засаг даргад очсон байсан. Засаг дарга намайг шийтгэнэ гэхээр нь би шууд халагдах өргөдлөө өгсөн. Миний ажлын байр бол аймгийн ИТХ-аар орж шийдэгддэг улс төрийн албан тушаал. Гэсэн хэдий ч надад өөрийн гэсэн зарчим бий. Би аймгийн Засаг даргын орлогч болж хүрээгүй албан тушаалдаа хүрсэн юм биш. Ардчиллын төлөө 23 жил гурвалсан морь шиг давхисан Цэндсүрэн найзыгаа тэгж хөөдмөөргүй байсан.

   Хүний хамгийн үнэтэй зүйл бол нэр төр. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Би хоол идэж, хувцас өмсөх гэж амьдраагүй. Тэгж амьдардаг хүмүүс байдаг. Үлдэж буй үр хүүхдүүддээ болон өнгөрсөн өвөг дээдсүүддээ энэ цаг хугацааг зөв өнгөрүүлснээ би харуулах ёстой. Энэ нэг хөгийн амьтны охинтой хүүгээ суулгахгүй гэвэл би яах юм. Би эцэг байж чадаагүй, утга учиргүй л амьдарсан болно шүү дээ. 

-Аав ээжийнхээ тухай яриач. Та айлын ууган нь билүү?

-Манай аавыг Б.Мягмаржав гэдэг. Аав маань хуучнаар Чандмань сумынх бөгөөд Цагаан туг овгийн эртний хойд хүн. Олон жил сургуулийн захирал хийсэн. Аавын маань удирдаж байсан бага сургууль 3-р 8 жил, 3-р 10 жил болж өргөжсөн. Энэ хугацаанд тувт л сургуулийн захирлаар ажиллаж байсан. Харин ээжийг Ц.Жавзан гэдэг. Тэс сумынх. Багш мэргэжилтэй, насаараа шахуу хичээлийн эрхлэгч хийсэн. Хамгийн сүүлд 10 жилийн 2-р сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Ээж маань Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа.

   Би айлын ууган нь. Зургаан дүүтэй. Дөрвөн дүү охин маань бизнес эрхэлж байгаа бөгөөд үйлчилгээний төв болон авто тээврийн компанитай. Нэг нь Ховд аймагт, бусад нь Улаанбаатар хотод амьдардаг. Отгон эрэгтэй дүү маань Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Харин нэг эрэгтэй дүү маань хөдөө малчин. 

  Улаангом сумын 2-р баг буюу Хархираа багийнхан бол миний аавын төрсөн нутгийнхан. Тиймээс Хархираа багийнхныг ах дүү, төрөл саднаа гэж бодож явдаг. Энэ хүмүүс намайг аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгох, эс сонгох нь чухал биш. Би түүнд гомдох ч үгүй. Ер нь бол манай аймагт байдаг ховорхон хойдууд чинь энд амьдардаг. Энэ хэдхэн хүн бол миний заяамал юм. Бас өвөг дээдсээс шүтэж ирсэн Хархираа ууландаа сүсэглэж явдаг. Эх орон доторх эх орон минь энэ юм.

  Манай нагац аавын аав нь мянган халтар адуутай Бардуу гэж хүн байсан. Сүүлийн 10-аад жил аймгийн наадмын хурдан морьдын түрүүг авч байгаа Тэс сумын уяач Цээпэлийн Амартөр, Батаа нарын удмын хүн л дээ. Цээпэл гэж манай хүргэн ах байгаа юм. Нас ахиад ирэхээр хурдан морь сонирхмоор санагдаж энд тэндээс байдаснууд цуглуулж, бас үрээ морьд авч азарга адуутай болсон. Энэ жилийн аймгийн баяр наадамд өөрийн морьдоос оруулаагүй ээ. Аймгийн 90 жилийн ойн хурдан морины комиссын даргаар ажилласан болохоор ашиг сонирхлын зөрчилтэй болно гэж үзээд өөрийнхөө нэр дээр болон өөр хүмүүсийн нэр дээр морь оруулаагүй. Зав ч гараагүй.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ? Хаана ямар ажил эрхэлж байв?

-Эрхүүгийн политехникийн дээд сургуулийн автын инженер, ШУТИС-ийн хөнгөн авто механикийн инженерийн анги төгссөн. Надад мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй. Их сургуулиа төгсөөд ирэхэд аймгийн 38-р бааз тарсан байсан. Тэгээд эхнэрийнхээ төрсөн нутаг Өмнөговь суманд гурван жил физикийн багшаар ажилласан.

-Эхнэрээ танилцуулаач. Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Миний ханийг Балганы Баярхүү гэдэг. Одоо Цогцолбор 1-р сургуулийн менежерээр ажиллаж байна. Москвагийн Ломоносовын их сургуулийг улс төр, эдийн засгийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Хадам аав маань аймгийн ХАА-н газрын дарга байж байгаад Архангай аймгийн ХАА-н газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Аав гэнэт өнгөрөөд, эхнэр маань ээжийнхээ хажууд байна гэсээр энд ирсэн. Тэгээд Өмнөговь суманд орос хэлний багшаар ажилласан. Сургуулиа төгсөхөд нь МУИС-д багшаар авч үлдэх гээд бараагүй. Манай эхнэр төгсөөд хүүхэд гаргачихсан байсан юм. Би болохоор төгсөөгүй, жилийн чөлөө авчихсан байсан. Эрхүүд сурч байхдаа тарваганы арьсны наймаа хийдэг хэрдээ баян оюутан байлаа.

   Манайх 3 хүүхэдтэй. Том хүү Тулга маань МУИС-ийн компьютерийн программистийн 3-р дамжааны оюутан. Дараагийн охин Сувдаа маань МУИС-ийн эдийн засгийн анги төгссөн. Одоо хүүхдээ хараад гэртээ байгаа. Аймгийн арслан Х.Оргилболд манай хүргэн. Хамгийн бага охин Номин маань  ШУТИС-ийн дизайны ангийг 20 настайдаа онц төгссөн. Одоо Германд үргэлжлүүлэн сурахаар хэлний бэлтгэлд явж байна.

-Захын асуудалтай та очоод холбогдчихдог. Энэ ямар учиртай юм бэ?

-Барилгын биржийг барааны зах болгосон гурван хүний нэг нь би шүү дээ. Манай найз Бэгжав, “Аянжин”-гийн Очирбат бид гурав Барилгын биржийг 1997 онд хувьчилж авах гээд бараагүй. Уг нь бид гурав 2,5 саяар авна гэж бодож байсан чинь “Гурван гол” компани 43 сая төгрөгөөр хувьчлаад авчихсан. Бид нар тэнд нь ажиллаж, бараан захыг байгуулцсан. Энэ хугацаанд завтай байгаагүй маш их ажилласан. Цалин мөнгө тааруу байсан ч 2000 он хүртэл хүний ажил хийсэн. Энэ ажлаасаа гараад 2001 онд “Улаангом менежмент” компанийг байгуулсан. Их барилга компани надтай ийм холбоотой. Зах руу орохын тулд хүмүүс машинаа зогсоолд тавьдаг. Тэгэхээр зогсоолоор мөнгө олж болох юм гэдгийг би олж харсан тул тэр газрыг авсан.

  Тэр хооронд ноос, ноолуурын наймаанаас эхлээд янз бүрийн наймаанд оролцож явсан. Тэгээд олсон мөнгөөрөө ууж идээд, тоглож наргиад, хүний залуу нас ямар л байдаг билээ би тэр жишгээр л амьдарсан. Ноолуурын наймаанд явсаар нэлээд их мөнгөтэй болоод ирсэн чинь нэг өдөр эхнэр маань уурлалаа. Чи их шуналтай болж байна. Орж ирсэн хүнээс мэнд асууж амжив уу, үгүй юу хөдөөнөөс хэн хэнтэй хамт ирсэн, хэдэн кг ноолууртай ирэв гээд асуугаад эхлэх юм. Чи уул нь ийм хүн биш шүү дээ. Би чамтай сууж байхдаа их дэврүүн, цоглог, чадалтай чадвартай залуутай суусан гэж бодсон. Одоо ингээд харсан чинь чи их арчаагүй хүн болчихлоо. Чиний энэ байдал чинь надад их эвгүй байна гэлээ. 

   Тухайн үед манайх гэр хороололд амьдардаг байсан бөгөөд би гэрийнхээ бүх тавилгыг зөөж гаргачихаад шөнө дунд хүртэл ноолуураа тарааж тавиад ангилдаг байсан юм. Хуучны 24 гээд машинтай, түүндээ эхнэр, хүүхдүүдээ унтуулдаг байлаа. Тэгээд шөнө унтахдаа мөнгөтэй цүнхээ дэрлэж унтаад, өглөө босохдоо бүрэн байна уу, үгүй юу гэж тоолдог байж л дээ. Би түүнийгээ өөрөө мэдэхгүй байгаа юм. Харин эхнэр маань ажиглаад надад хэлж байгаа нь тэр. Тэгэхээр нь би бас уурлалаа. Амьдралаа авч явах гэж би өдөр шөнөгүй зүтгэж байна. Одоо надад бэлэн 3 сая төгрөг байна. Үүнийгээ дахиад өсгөж үржүүлмээр байна. Чи туслахын оронд уурлаж байдаг гээд загналаа. Тэгсэн чинь эхнэр маань бид тав тухтай амьдармаар байна. Чи одоо яг солиорлоо. Хүн чанараа гээж байна. Энэ хэвээрээ үргэлжилвэл чи хязгааргүй их мөнгөтэй хүн болно, харин гэр бүл чинь ямар ч аз жаргалгүй амьдарна. Чи бид хоёр чинь хойно сургууль соёл төгссөн, боловсролтой хүмүүс. Иймээс энэ хүмүүсийг чи өөр зүйлд уриалан дууд, чи чадвартай шүү дээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө 3 сая төгрөгийг маань өвөртлүүлээд чи зугаа цэнгэл, наргиа наадамд дуртай хүн юм чинь хотод очиж вингод гэж хэлээд явуулсан. Тэр үед винго гээд тоглоом гараад ирчихсэн байсан юм. Би хот яваад сар болоод ирэхдээ гэрийнхээ бүх цахилгаан барааг шинэчилж, бас эхнэр, хүүхдүүддээ хувцас авч, машиныхаа сэлбэгийг иж бүрэн сольсон. Өөрийнхөө хүчээр олсон мөнгөө хүн бас хаа хамаагүй үрдэггүй юм билээ. Мэдээж  хэрэг зүгээр байгаагүй, үлдсэн хэдэн төгрөгөөрөө вингодсон.

   Тэр үеэс эхлэн би бизнесээ орхиж, улстөр лүү орсон доо. Өнөөдөр ч гэсэн надад бизнес хийх боломж байгаа. Гэхдээ би улстөрч, төрийн албан хаагч хүн тул цэвэр ариун нэртэй баймаар байна.

-Цэвэр ариун нэр төр гэснээс цахим ертөнцөөр таны тухай мэдээлэл цөөнгүй гардаг. Үүнд хэрхэн ханддаг вэ?

-Фэйсбуукийн ертөнцөөр над руу дайрахаар их гомддог. Би бас их шазруун хүн, янз янзын юм бодогддог. Хэт ардчилал бий болчихсон ийм л орчинд бид амьдарч байна. Энэ засгийн үед дарга хийх нь маш их төвөгтэй. Ийм хачин юм бойжигдоод үр хөврөл болоод гараад ирлээ. Үүнийг засч залруулах ёстой.

-Та хэр найзархаг бэ. Дотны нөхдөөсөө нэрлээч?

-Би энэ хугацаанд олон мундаг хүмүүстэй найзлаж нөхөрлөсөн. Тухайлбал, Д.Дорлигжав байна. Энэ хүн бол аливаа зүйлд маш их тулхтай. Мөн Одонгийн Сайнбуянг нэрлэмээр байна. Өнөөгийн зах зээлийн нийгэмд хүн яаж гайхамшигтай амьдарч чаддаг вэ гэдгийг Монгол Улсын хэмжээнд бодитойгоор харуулж чадсан хүн. Мөн Дашийн Цэндсүрэн, Жангарайн Александр гэх мэт олон найз бий. Надтай Сайнбуян, Цэндсүрэн хоёр гурвалсан морь мэт ардчиллын төлөө зүтгэж ирсэн. Нөхөрлөл гэж байдаг бол бид гурвынх жинхэнэ нөхөрлөл. Өөрсдийн хүсэл мөрөөдөл дээр жигүүрлэсэн, хүн байхын утга учир дээр үүссэн нөхөрлөл учраас энэ нөхөрлөлдөө би хайртай. Мөн Лувсаннямын Гантөмөр байна. Аймгийн АН-ын дарга болсон Одонгийн Цогтгэрэл байна. Энэ залууд үнээхэр хайр хүрдэг. Аливаа зүйлийг дандаа сайн талаас нь хардаг, хийж бүтээхийн төлөө, ажлын төлөө төрсөн, өнөөдрийн энэ нийгмийн дэвшилтэт том сэхээтний хамгийн том төлөөлөл. Үүнийг Цэндсүрэн олж харсан учраас аймгийн АН-ын даргынхаа ажлыг өгсөн.

-Аймгийн ИТХ удахгүй хуралдах нь ээ. Та гол тоглолт хийдэг хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ удаагийн хурал хэр ширүүхэн болох бол?

-Гол тоглолт хийдэг хүн гэж чи бас л зөв хэллээ. Хүн мэдэж байгаа юмныхаа хэмжээнд л ярина шүү дээ. Мэдэхгүй байж мунгинаад, эсвэл албаар мушгиж гуйвуулдаг, улстөржүүлдэг хүн байдаг. Гэхдээ энэ чинь мэдээллийн эрин зуун шүү дээ. Өөрөө мэдээллээ олж авах ёстой. Тийм хүмүүстэй би хатуу харьцдаг учраас тэгж харагддаг байх. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бол энэ аймгийн төлөө хийх ёстой ажлаа л хийх ёстой. Үүнд санаа зовж явахгүй бол аймгийн хурлын төлөөлөгч болсны хэрэг юу байгаа юм? Тэр асуудлыг тэгж шийдье гээд түүнийхээ төлөө явахгүй юм бол яах гэж ард олны итгэлийг хүлээж гарч ирсэн юм.

-Тендер авах, ажилд орох, дарга болох сонирхолтой хүмүүс аймгийн ИТХ-ын төлөөлөгч болдог гэсэн ойлголт нийгэмд байна л даа?

-Тийм хүмүүсийг би нэг нүдээрээ ч харахгүй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох хүртэл тэр хүн чинь өчнөөн шалгуурыг давна шүү дээ. Тийм хүмүүс нам дотроосоо гарч ирж чадахгүй. Мэр сэр булталзаж байдаг л юм. Гэхдээ бид нар тийм зүйлийг үгүй болгох гэж л гарч ирсэн шүү дээ. Өнөөдөр  та нар хар. Ерэн жилийн туршид Улаангомд 100 гаруйхан айлын орон сууц байсан. Гэтэл бид гарч ирээд 2,5 жилийн дотор 700 айлын орон сууц барьсан. Газар доорх бүх инженерийн шугам сүлжээг нь шийдсэн.

-Ингэхэд таны өөрийн тань компаниуд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-“Улаангом менежмент” компани зогсоолоос мөнгө авдаг, түүгээрээ орлогождог. Энэ жил аймгийн ой болж байгааг тохиолдуулан 83 сая төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийж гоё болгосон. Банкнаас зээл, бас төрсөн дүү нараасаа дэмжлэг авч байж хийсэн. Дулааны шугам явдаг хэсгийг хоёр талаар нь үлдээсэн. Эко хавтан дараа нь тавина.

   “Зөв жор” компанийг би өөрийнхөө оюун ухаанд олж мэдсэн зүйлсээ бусдад зааж сургах, туслах зорилгоор байгуулсан. Нэг үе хүн бүр банкнаас зээл авдаг байхад төслийг нь бичиж өгдөг байлаа. Одоохондоо зөвлөгөө өгч байгаа. Шинэ менежер авсан тул түүх, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

-Таны хобби юу бэ? 

-Байгалийн сайханд аялах дуртай. Эхнэр зуны амралтаа авангуут Хархираа уул руу хамтдаа аялаад явчихдаг. Хархираа уулын зураг, тэндхийн байгалийн сайхныг харуулсан зураг надад өчнөөн бий.    Зургийн аппарат зүүгээд явахаар энэ одоо улс төрч байж аппарат зүүгээд гээд муу хэлдэг хүмүүс байсан. Бас бардам, сагсуу, онгироо гээд олон нэр хоч өгдөг. Гэвч би энэ бүхнийг тоодоггүй. Би өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө амьдармаар байна шүү дээ.

-Ардчилалыг юу гэж ойлгодог вэ?

-Асар том боломж гэж ойлгодог. Тогоо дүүрэн тэр их боломжоос хүн өөрийнхөө олж авсан мэдлэг чадвар, дадлага туршлагын хэмжээгээр л хүртэх ёстой. Шанагаар нь авна уу, халбагаар нь авна уу гэдэг нь тэр хүнээс л шалтгаална. Гэтэл хүний аягалсан, хүний авчихсан боломж руу өнгийж, өөрийнхөө боломжийг чамладаг хүмүүс байдаг. Өөрийгөө дайчлаад сайхан амьдрах, оюун санааны болон материаллаг баялагыг бий болгож хүртэх боломжийг ардчилал тэгш олгосон. Тиймээс олдсон тэр боломжоо бид эрхзүйн хүрээнд баталгаажуулж, зөв залах учиртай.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: Увсын өнгө сониноос

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%