Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.АРЦАНХҮҮ "УВСЫН ӨНГӨ" СОНИНЫ "ТӨЛӨӨЛӨГЧИЙН ИНДЭР" БУЛАНД ЗОЧИНООР ОРОЛЦЛОО.

2015-12-16

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаан шүрэн Чандмань”, “Увс таван эрдэнийн ундарга” компанийн захирал Лооройн Арцанхүү манай сонины “Төлөөлөгчийн индэр” булангийн энэ удаагийн зочноор уригдлаа.

Улаангом сумын 8-р багаас та аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр тойргийнхоо талаар яриагаа эхлэх үү?

Юуны өмнө Увс аймгийн ард иргэд, тэр дундаа Улаангом сумын 8-р багийнхандаа шинэ оны мэнд хүргэж, 2016 ондоо эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашид хийх ажлынхаа зорилго зорилтыг тодорхойлох торгон мөч ирээд байна.

Би Улаангом сумын 8-р баг буюу Хөндлөнгөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012 онд сонгогдсон. 2016 он хүртэлх төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаанд аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилтэй холбоотой бүхий л ажилд өөрийнхөө чадах хэрээр оролцоод явж байна. Хөндлөн багт малчид, мал бүхий иргэд амьдардаг. Нийтдээ 167 өрхтэй бөгөөд дээр нь 9-р багийн хөдөөгийн 69 өрх нэмэгдэж, нийт 236 өрхтэй, 1000 гаруй хүн амтай  баг болсон. Өвөл нь өнөтэй, зуд зурхангүй тарган сайхан гарах юм бол манай малчдад үүнээс өөр хүсэх зүйл бага байдаг. Сүүлийн 2-3 жилд манай багийн малчдын мал сүрэг нь өсч, Улаангом сумандаа их малтайд орох болсон. Хөндлөн голоор бод мал, Хүдэн, Тэрмисээр бог мал бэлчээрлэх тохиромжтой бүс нутаг. Дээхэн үед Хөндлөн гол Давст сумын харьяанд байхад Халиудаа, Хоргост гээд бригад байсан. Би Халиудаа бригадын  буюу Хөндлөн голын унаган хүүхэд бөгөөд манай аав ээж тэнд мал маллан амьдарч байсан. Нутгийн хүүхэд учраас төрөлх нутагтаа юм хийх байх гэж үзээд манай багийн ард иргэд намайг өнгөрсөн сонгуулиар сайн дэмжсэн. 2012 онд аймгийн ИТХ-д нэр дэвшчихээд ард иргэдтэй уулзаад явж байхад хэд хэдэн асуудлыг малчид хөндөн тавьж байсан бөгөөд түүнийг нь сүүлийн жилүүдэд шат дараатай хийж хэрэгжүүлээд явж байна.

Малчид намаржаандаа бууж, хадлан тэжээлээ авсны дараахан “Төлөөлөгчийн нэг өдөр”  өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр манай малчид өөрсдийнхөө хурдан шандаст хүлгүүдээ сойж уралдуулдаг юм. “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн халамж, хамгаалал, урлаг, соёлын үйлчилгээг мөн үзүүлж, нэг өдөр ард иргэдтэйгээ хамтдаа зовлон жаргалаа хуваалцдаг.

Манай багийн айл өрхүүд тархан суурьшсан учраас багийн эмч  хүрч ажиллахад бэрх байдаг. Иймээс багийнхаа нутаг дэвсгэр, айл өрхийг сайн мэддэг, хуучин ажиллаж байсан эмчээ ард иргэдийнхээ хүсэлтээр буцааж ажиллуулсан.

Танай багийн өмнө тулгамдсан ямар асуудал байна. Түүнийг нь хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

Манай багийнхан Хүдэн, Тэрмэс, Хөндлөнгийн голоор тархаж суурьшсан тул хоорондоо их зайтай, ажил үйлчилгээ үзүүлэхэд хэцүү байдаг. Өвөл, зунгүй л алс нүүдэг бөгөөд зарим малчин өрх Хархираа уулыг давж зусдаг. Гэвч Улаангом сумаас иргэдэд чиглэсэн ажил үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр байна. Олон гол байдаг тул гүүрний асуудал их хөндөгддөг. Монгол Улсын төсөв санхүү хэцүү байгаа ч гэсэн 2016 оны төсвийг батлахдаа Хөндлөн голын гүүрийг барих 25 сая төгрөгийг төсөвт суулгаж өгсөн. Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаанаар энэ төсвийг баталсан байгаа.

 2011 онд Хөндлөн голын модон гүүрийг Улсын төсвийн 40-50 сая төгрөгийн төсөвт өртөгөөр барьсан ч тэр жилдээ нуран унаж улсын хөрөнгийг үргүй зарсан байдаг. Улсын төсвөөр хийгдсэн ажилд гурван жилийн дотор дахин мөнгө төсөвлөдөггүй. Харин гурван жилийн дараа мөнгө төсөвлөх боломжтой бөгөөд энэ дагуу ирэх жилийн төсөвт Хөндлөн гол дээр гүүр барих хөрөнгийг тусгуулсан. Хавар, намрын цагт ус шавар ихдэж, голоор гарах боломжгүй болдог тул манай багийн иргэд үгээ хэлдэг, хамгийн их тулгамдсан асуудал байсан. Ард иргэдийнхээ төлөө энэ гүүрийг барих хөрөнгийг шийдүүлсэн маань багтаа хийсэн томоохон ажлын нэг байсан.

Мөн багийн хил, бэлчээрийн заагийн тухай асуудал их яригддаг. Давст, Сагил, Түргэн сумын малчид намрын цагт Хөндлөн багийн нутагт бууж малаа бэлчээрлүүлдэг. Ялангуяа Давст сумын болон Хилийн цэргийн ангийн адуу орж ирээд бэлчээр талхалдаг асуудал их гардаг. Тухайн үед нь Давст сумын Засаг даргад уламжилж бэлчээрийн асуудлыг шийдүүлж ирсэн. Багийн хилийн заагийг тогтоох асуудлыг Улаангом суманд ажил болгож би өөрөө санал тавьж байсан. Мөн аймгийн ИТХ дээр ч хэлж байлаа.

Саяхан аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан болж өнгөрсөн. Тэгэхээр энэ хуралдааны талаар та ямар санал бодолтой байна вэ?

2012-2016 оны аймгийн ИТХ-ын төлөөлөгчид маань 10 дахь удаагийн хуралдаанаа хийлээ. Энэхүү хуралдаанаар 4 жилийн хугацаанд хийх ёстой ажлаа бид 3 жилд багтааж хийсэн байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулсан ажил үйлчилгээг Увсчууд бүгдээрээ мэдэж байгаа. Энэхүү үйлчилгээний хөлс мөнгийг бид батлаж өгөх ёстой. Цөөхөн хэдэн төгрөг илүү гарсныг Хөндлөнгийн голын гүүр барих гэх мэт ажлуудад хуваарилсан байгаа.

Энэ удаагийн аймгийн хурлаар зарим багийг татан буулгах, шинээр баг байгуулах асуудлыг авч хэлэлцсэн. Ингэснээр Улаангом сумын 9-р багийн хөдөөгийн 60 гаруй айл өрхийг газрын байршлаас нь хамааруулаад манай багийн харьяанд оруулсан байгаа. Үүнд Довны ферм, Шатат орчмын айл өрхүүд хамрагдсан.

“Ардчилсан засаглалын 1000 дахь өдөр”-ийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнах үйл ажиллагааг танай намаас өргөн хүрээнд зохион байгуулж байна? Тэгэхээр энэ чиглэлээр та бас тойрогтоо ажилласан уу?

Би энэ намар 8-р баг дээрээ 10-аад хоног ажилласан. Айл өрхөөр ороод ард иргэдтэй уулзаж байхдаа санал хүсэлт, магтаал шүүмжлэлийн аль алиныг нь сонсож явлаа. Ялангуяа санал их гарч байсан. Тухайлбал, мал, махын үнэ хямд байна, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, борлуулах тал дээр ямар боломж байна гэдэг талаар харилцан мэдээлэл солилцож байсан. Малаа эрүүл байлгахын тулд вакцинжуулах ёстой. Гэтэл вакцин нь мал сүргийн тоо толгойд дутаж ирдэг юм билээ. Энэ тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт мэдэгдэж, улмаар багийнхаа малчдын мал сүргийг вакцинд бүрэн хамруулсан. Айл бүрт жижигхэн эмийн сан байдаг шиг малчин өрх бүр малын эмийн сантай болвол зүгээр юм гэсэн бодол тухайн үед толгойд бууж байсан.

Хоршоонд орсон малчид урамшуулалд хамрагддаг журмын дагуу багийнхаа бүх малчдыг хамруулсан “Хөндлөн тэрмис” хоршоог байгуулан ажиллуулж байна. Энэ хоршоогоороо дамжуулан ноос, ноолуур, арьс шир гэх мэт малын гаралтай түүхий эдийг авч байна.

Өнгөрсөн сонгуулиар хүмүүс таныг бараг танихгүй, “битүү морь” аймгийн ИТХ-д гараад ирсэн гэлцдэг? Ингэхэд өөрийгөө танилцуулаач?

Би 1971 онд Увс аймагт төрсөн. Чандманы 8 жил, 1-р арван жилийн сургуулийг төгсөөд цэргийн албыг 2 жилээр хаасан. Дараагаар нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг худалдааны менежмент, бизнесийн удирдлагаар, Улс төрийн академийг Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн. Оюутан байхаасаа эхлээд малын түүхий эд авч зарах ажлыг 20 гаруй жил хийж байна. Энэ хугацаанд “Улаан шүрэн чандмань” компанийг үүсгэн байгуулсан. Манай компани нь газар тариалан, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 гаруй ажилчинтай. Чацаргана, үхрийн нүдний жимс тариалж, “Монгол чацаргана” тос, үхрийн нүд, чацарганы шүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.  Тайвань улс руу чацарганы тосоо гаргаж байгаа.

            Үүнээс гадна сортын чацаргана, үхрийн нүдний хоёр настай суулгацыг бэлтгэж, Улаанбаатар хот болон баруун аймгуудад нийлүүлж байна.

“Увс таван эрдэнийн ундарга” ХХК тань ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?

Энэ компани маань 2013 онд Төрийн өмчит Хөдөө аж ахуйн бирж компанийн Увс аймаг дахь салбар болж байгуулагдсан. Малын гаралтай түүхий эд болон улаан буудай, тосны ургамал зэргийг бэлтгэн нийлүүлэх, тэдгээрийг арилжаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн хавар манай компани нэг контейнер ноолуурыг кг-ыг нь 60 мянган төгрөгөөр буюу 1 тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй барааг арилжаалсан.

Энэ компани нь Хөдөө аж ахуйн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны хяналтан дор үйл ажиллагаагаа явуулж, тайлан мэдээгээ сар тутам өгч байдаг.

Арьс шир, түүхий эдийн үнэ өсөх хандлага байна уу?

Өнгөрсөн жилээс малын гаралтай түүхий эдийн үнэ уначихсан. Нөлөөлж байгаа хүчин зүйл нь гадаад зах зээл. Монголын түүхий эдийн 90 хувийг Хятад авч, цаашаагаа гурав дахь зах зээлд нийлүүлдэг. Гэтэл дэлхийн зах зээл дээр малын гаралтай түүхий эдийн үнэ хямд байна. Урд жилүүдэд 1 кг ноолуур бараг 80 мянга төгрөг хүрч байсан. Цаашдаа зах зээл сайжирвал гайгүй тогтворжих байх. Гэхдээ малын гаралтай түүхий эдээ бид дотооддоо бүрэн боловсруулдаг болмоор байна. Увс аймагт гэхэд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулмаар байна. Үйлдвэр байгуулна гэвэл мэдээж хэрэг маш их хөрөнгө санхүү, хүн хүч шаардагдах байх. Гэвч ирээдүйгээ бодоод энэ ажлыг зайлшгүй эхлүүлэх хэрэгтэй.

Аймаг орон нутагтаа хэрэгжүүлмээр шинэ санаа оноо юу байна?

Улаангом суманд газар тариалан эрхлэж буй айл өрхүүд болон хадлан тэжээл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдын усны хомсдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс дэмжлэг үзүүлэх  цаг ирсэн.  Хамгийн багадаа 3-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Улаангомын орчинд хэд хэдэн хиймэл нуур, цөөрөм бий болгомоор байна. Төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар, эсвэл гадаадын төслөөр ч юмуу, үгүйдээ  концессийн гэрээгээр энэ асуудлыг шийдвэрлэж болох юм. Иймээс Улаангом сумынхаа усны нөөцийг бүрдүүлэх талаар судалгаа шинжилгээний ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй.

Энэ талаар би холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж, санал бодлоо хуваалцсан. Мөн аймгийн ИТХ-ын хуралдаан дээр санал оруулсан.

Усны хомсдлын асуудлыг шийдвэрлэж, усыг хүртээмжтэй хүргэснээр Улаангом сумын газар тариалангийн салбарт ажил амьдралаа холбосон айл өрх, ард иргэд болоод аж ахуйн нэгжүүдэд бодитой дэмжлэг болох юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаангом хотын эргэн тойрны  тоос шороо дарагдаж, чийглэг ногоон орчин бүрдэж,  ард иргэдийн аюулгүй тайван амьдрах, ажил орлоготой болох нөхцөл бүрдэнэ.

Сонгууль хаяанд дөхөж байна. Та ирэх сонгуулиар дахиж нэр дэвших үү?

Манай намаас итгэл үзүүлвэл надад татгалзах зүйл байхгүй.

Танайх ам бүл хэдүүлээ вэ? Гэр бүлийнхнээ танилцуулаач?

Ам бүл тавуулаа. Миний хань С.Дариймаа Улаангом сумын 10 жилийн 1-р сургууль төгсөж, улмаар АУИС-ийг дүүргэсэн. Одоо Улсын клиникийн 3-р эмнэлэгт Мэдрэлийн эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуульд сурдаг.

Аав ээж хоёр маань Давст сумын “Алдар” нэгдлийн Халиудаа бригадад насаараа мал маллаад, тэтгэвэрт гарсан хойноо Чандманьд ирж амьдарсан.

Тойргийнхондоо болон Увсчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

Увсчууд маань ирж буй шинэ ондоо олз омогтой, дүүрэн жаргалтэй, сэтгэл тэнүүн, итгэл өөдөө байх болтугай. Хөндлөн багийнхаа ард иргэдэд хандаад одоогоор цас ихтэй байгаа ч энэ бэрхийг даван туулснаар цаана нь амжилт харагдаж байгаа шүү гэж хэлье. Та бүхэндээ шинэ жилийн гал халуун мэндийг хүргэж байна.  

Танд баярлалаа.

 

“Увсын өнгө” сониноос

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%