“Иргэнийг хуралд ирэхийг нь хүлээх биш, очиж уулзах нь чухал” юм гэсэн зорилготойгоор Чингэлтэй дүүргийн 16 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид санаачлан 2013 оноос эхлэн “Гудамжны хурал”-ыг зохион байгуулж иржээ.
Гудамжны хурлыг хорооны хэсэг тус бүрт 4-7 гудамжийг хамруулан, бямба, ням гарагийн 13 цагаас хойш зохион байгуулдаг бөгөөд зарыг 1 хоногийн өмнө хэсгийн ахлагч болон гудамжны ахлагчаар дамжуулан иргэдэд мэдээлдэг. Сард 2 удаа, жилдээ 24 удаа гудамжны хурлыг зохион байгуулдаг бөгөөд 2015 оны 11-р сар хүртэл 30 удаа зохион байгуулж, давхардаагүй тоогоор нийт 1232 оршин суугчдыг хуралд оролцуулсан байна.
Гудамжны ахлагчийг гудамжны хуралдд оролцсон иргэд сонгодог бөгөөд зар хүргэх, хурлаас гарсан иргэдийн саналыг хорооны ИНХ-ын дарга нарт хүргэх, хөршийн холбоог хөгжүүлэх үүрэгтэй.
Иргэдээс тогны хүчдэл муу байна, 90-р гудамжны замыг засах, тоглоомын талбай барих, цэцэрлэгийн хүртээмж муу байна, худаг хол байна, золбин нохойн устгал хийх хэрэгтэй байна, иргэд хогоо ил задгай асгаж байна, камержуулалтыг сайн хийх хэрэгтэй байна, иргэдийн ухамсар муу байна, ойр орчинд нь цэвэрлэгээ хийлгэж байх зэрэг 25 ажлын санал, 20 гомдол гарч, 10 өргөдлийг хүлээн авсан байна. Иргэдээс гарсан санал, хүсэлт, гомдлыг холбогдох байгууллагад албан тоотоор уламжилж, ирсэн шийдвэрийг нь иргэдэд утсаар болон бичгээр мэдэгддэг байна. Ийнхүү гудамжны хурлыг байнга зохион байгуулснаар хорооны ИНХ-д ирэхийг хүсдэг ч ирэх боломжгүй, өөрсдийн асуудлаа хэлж чадахгүй, очиж чадахгүй хүмүүс болон ахмад, залуу, дунд гэх мэт нас насны хүмүүс хамрагдах боломжтой болсноороо давуу талтай юм. Мөн мэдээллийг иргэдэд ойрхон хүргэх, танхимын хуралд хүмүүс биеэ барьж цэгнэдэг бол гудамнны хуралд илүү чөлөөтэй саналаа хэлэх, төлөөлөгчид иргэдтэйгээ тулж уулзах, ярилцах, саналыг нь сонсох боломжтой болсон. Гудамжны хурал нь өвлийн улиралд хийхэд хэцүү, хуралдах нөхцөл бүрдүүлэхэд бэрхшээлтэй бөгөөд иргэдийг зохион байгуулалтад оруулж, хурлын дэгийг бариулах тал дээр хүндрэлтэй байдаг байна. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь “ төслийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Гудамжны хурал- Иргэдийн оролцоо” тэтгэлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд зохионы байгуулдаг гудамжны хурал маань 7, 8-р хороонд туршлагаа нэвтрүүлэн сурталчлах, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, хуралд удирдах, хэлэлцүүлэг хийх хөтөч-чиглүүлэгчийг бэлтгэх сургалт явуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаанууд явуулсан байна. Энэхүү төсөлд 7-р хорооны 16 хэсгийн 3200 өрхийн 13000 хүн ам, 8-р хорооны 9 хэсгийн 1200 өрхийн 5000 хүн ам, 16-р хорооны 13 хэсгийн 3000 өрхийн 12000 хүн ам хамрагдсан байна. Дээр дурдсан, гудамжны хурлыг зохион байгуулахад учирдаг нэг бэрхшээл нь хурлын дэгийг бариулж, хуралд ирсэн бүх хүмүүсийг санал, бодлоо илэрхийлэх, хуваалцах, оролцох боломжоор хангах явдал байдаг. Иймд гудамжны хурлаа хурлын дэгээр зөв, сайн зохион байгуулалттай хөтөлж, оролцоог нь тэгш хангах зорилгоор 19 хорооны хурлын төлөөлөгчид, хорооны ИНХ-ын дарга нар, ажилтнуудад хөтөч-чиглүүлэгчийн сургалтыг зохион байгуулсан. Мөн Чингэлтэй дүүргийн 8-р хорооны иргэдийн дунд Манай гудамж- миний өрх өдөрлөг, 7-р хорооны иргэдэд Аав, ээж, би өдөрлөг, 16-р хорооны залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, иргэдийг идэвхжүүлж, гудамжны хурлынхаа талаарх мэдээллүүдийг хүргэж, туршлагаа хуваалцсан байна. Гудамжны хурал- Иргэдийн оролцоо тэтгэлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19, 8, 7-р хороодын иргэдэд гудамжны хуралдаа очиж, саналаа хэлж, эргээд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах боломжтой юм байна, хуралдаа ирж байя гэсэн хандлагатай болж, иргэдийн оролцоо сайжирсан зэрэг давуу талууд бий боллоо.