Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Завхан аймгийн Улиастай сумын Өрхийн эмнэлгийн тусламж" тэтгэлэг

2016-01-14

“Нутгийн өөрөө удирдах байгуулагын чадавхийг бэхжүүлэх”  төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын ИТХ-ын ажлын албаны  хүртээмжтэй үйлчилгээ төслийн баг нь ИТХ-ын орон нутгийн хөгжлийн  бодлого тодорхойлох, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх , төлөөлөгч нарыг чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжийг олгох болон  иргэдийн оролцоог  нэмэгдүүлэх зэрэг чиг үүргийнхээ доор өрхийн эмнэлгийн тусламж үйчилгээний чанар хүртээмжинд хяналт тавих, үнэлгээ өгөх Иргэдийн хэрэгцээ- Хүртээмжтэй үйлчилгээ”  тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

 

Энэхүү тэтгэлгийг хэрэгжүүлэх үндэслэл шаардлага нь багийн иргэдэд хамгийн ойр байдаг өрхийн эмнэлгийн эрх зүйн статус зөрчилтэй байгаа нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт, хүртээмжид нөлөөлдөг юм байна.

Улиастай суманд ойролцоох сумдын 6000 шахам түр оршин суугчид / 2015 оны хүн ам орон сууцны жилийн эцсийн тооллогоор бүртгэгдсэн / ӨЭМТ-өөр үйлчлүүлж байгаа  гэх боловч чанартай, хүртээмжтэй, сэтгэл ханамжтай үйлчилгээ авч чадахгүй байгаа нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн хуулиар олгогдсон иргэн хүн эмч эмнэлгээ сонгон үйлчлүүлж, чанартай тусламж авах эрхийг зөрчиж байна. Суурин бус хүн амын санхүүжилтийг ӨЭМТ-үүдэд олгохгүй байгаа нь иргэний зарим бичиг баримт авах, нийгмийн халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж  хүртэх зэрэг үйлчилгээг авах эрхийг ноцтой зөрчиж байна.

Шигтгээ 1: Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн эрх зүйн нөхцөл байдал

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 364 дүгээр тогтоолоор баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмээр  “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага мөн” гэж заасны дагуу нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай 3 талт гэрээтэй ажиллаж, ЭМГ мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж 2011 онд батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS 5292 / 2011 стандартыг мөрдөн ажилладаг хуулийн этгээд  юм байна. 

Монгол улсын Иргэний хуулиар,  хуулийн этгээдийг Нийтийн,  Хувийн,  Холимог өмчийн гэж ангилдаг бөгөөд хувийн өмчит хуулийн этгээдийг ашгийн төлөө байгууллага гэж тодорхойлсон байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн эрх зүйн нөхцөл байдлын зөрчлүүд нь:

  • Төсвөөс санхүүждэг боловч хувийн хэвшлийн байгуулага гээд Төсвийн тухай хуулийг зөрчиж байна.

  •  Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулсан хувийн хэвшлийн байгуулага  гэх боловч ашгийн төлөө бус гээд нөхөрлөлийн хуулиа зөрчиж байна.

  • Нөхөрлөлийн хуулиар гишүүд нь хувь хөрөнгө оруулж, хариуцлага хүлээхээр заасан боловч Нөхөрлөлийн гишүүд хувь хөрөнгө оруулаагүй, анх тамга тэмдэг авахдаа оруулсан нийлсэн мөнгөө зарцуулж одоо нөхөрлөлийн хөрөнгө гэж байхгүй байна.

  • Нөхөрлөлийн хөрөнгө гэж байхгүй боловч, нөхөрлөлийн гишүүд ӨЭМТ-ийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг орон нутгийн болон Төрийн өмчийн бүртгэлд бүртгүүлээгүй, хяналт, тооцоогүй байгаа нь Өмчийн тухай хуулийг зөрчиж байна.

  • ӨЭМТ-үүд аймгийн төвийн суурин хүн амд үйлчилж байгаа боловч бүтээгдэхүүн нийлүүлэх  гэрээг анхан шатны Засаг захиргааны нэгжтэй байгуулдаггүй, Аймгийн Засаг даргатай байгуулахаар заасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж байна.

  • ӨЭМТ –ийн гэрээг жилдээ нэг удаа дүгнэнэ гэж заасан боловч гэрээг талуудын оролцоотой дүгнэдэггүй, гэрээг дүгнэх ажлын хэсэгт үйлчлэх хүрээний хүн амын төлөөлөл 1-3 иргэн оролцоно гэж заасан заалт огт хэрэгжээгүй байгаа МУЗГ-ын 2011 оны 364 дүгээр тогтоол, ЭМС-ын 2012 оны 26 тоот тушаалуудыг зөрчиж байна.

Иймд ИТХ-ын ажлын алба Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж байгаа тусламжийн чанар хүртээмжийг судалж, ӨЭМТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх санал боловсруулан шийдвэрлэх зорилготойгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Тэтгэлгийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг явуулсан байна.

 

  • ӨЭМТ-өөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар Улиастай сумын иргэдээс авах санал асуулга авах

 

Төслийн багаас ӨЭМТ-ийн үзүүлж байгаа өнөөгийн тусламж, үйчилгээний чанар ямар байна, чанарт юу нөлөөлж байна, хүртээмж нь ямар байна, цаашид чанар хүртээмжийг сайжруулахад  юу хийх вэ гэх мэт 15 асуумжийг боловсруулж, иргэдээс санал асуулга авсан.

 

Улиастай сумын 591 иргэнээс ӨЭМТ-ийн хүртээмжийн талаар авсан санал асуулгаар өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг иргэдийн 63.6 % нь,  яаралтай үзүүлэх тусламжийг 65.4%  нь  хангалтгүй гэж үзэж байна. Судалгаанд оролцсон иргэдийн 64.2 хувь өрхийн эмнэлгийг нэмэгдүүлэх шаардалагтай гэж үзэж  байна

 

Улиастай сумын 6 багт ажиллаж байгаа 3 өрхийн ЭМТ нь эрх зүйн тодорхой бус нөхцөлд / Улиастай сумын иргэдэд үйлчилж гурвалсан гэрээг аймгийн Засаг даргатай байгуулдаг, гэрээний биелэлтийг НХХ-ийн даргаар ахлуулсан баг дүгнэхээр заасан / ажиллаж байгаа нь эрх зүйн хувьд зөрчилтэй байгаа үнэлгээний явцад ажиглагдсан байна.

 

  • Аймгийн Эрүүл мэндийн газар, Улиастай сумын Засаг дарга, ӨЭМТ-ийн удирдлагуудтай уулзалтууд болон фокус бүлгийн ярилцлагуудыг хийх

ӨЭМТ-ийн талаар төрөөс баримталж  байгаа бодлого, одоогийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын  талаар талуудын байр суурийг тодорхойлох зорилгоор аймгийн ЭМГ-ын дарга, холбогдох хэлтсийн дарга, хариуцсан мэргэжилтнүүдийн бүлгийн уулзалт,  Улиастай сумын Засаг дарга, Багийн Засаг дарга, хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, ӨЭМТ-ийн ахлагч, эмч, мэргэжилтнүүдийн уулзалттууд тус тус хийсэн байна.

 

Одоогийн үзүүлж байгаа тусламжийн чанар  ямар байна, тааруу байгаа бол юунаас болж байна, ӨЭМТ-ийн хүртээмж ямар байгаа, тухайн багт ӨЭМТ ажиллаж байна уу, ямар бүтэц орон тоотой байвал хүртээмж сайжрах вэ, ЭМГ-аас ӨЭМТ-үүдийг үнэлсэн үнэлгээ, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар фокус бүлгийн ярилцлагуудыг хийсэн.

 

Ийнхүү уулзалтууд болон фокус бүлгийн ярилцлагуудаар Улиастай сумын иргэдэд үйлчилдэг  ӨЭМТ-тэй сумын Засаг дарга үр дүнгийн гэрээ хийх, ӨЭМТ-ийг ажлыг багийн ИНХ, багийн ажлын алба дүгнэж, тайланг багийн иргэдэд тавих, ӨЭМТ-ийн 3 талт гэрээг дүгнэх ажлын хэсгийг Улиастай сумын ИТХ-аас байгуулах,  ӨЭМТ-ийн ажлыг сайжруулах уралдаан болзол зарлаж байх, ажлын хариуцлага тооцож, ажлын үр дүнгээр урамшуулалдаг байх гэсэн саналыг нэгтгэж шийдвэр гаргагч нарт хүргэсэн байна.

 

  • Бусад аймаг, хот дүүргийн сайн туршлага судлах

 

Өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн статус нь зөрчилтэй ч, зөв менежментийг явуулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэддээ түргэн, шуурхай хүргэж байгаа сайн туршлагууд бас бусад аймаг, хот дүүрэгт байдаг байна. Төслийн багийнхан зөв менежментээр үйл ажиллагаа явуулж байгаа УБ хотын  Баянзүрх дүүрэг болон Өвөрхангай аймгийн  ӨЭМТ-ийн  сайн туршлагуудыг онлайн болон утсаар судалсан байна.

Тэрээр УБ хотын Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч Ч.Цэрэндолгор болон Өвөрхангай аймгийн ӨЭМТ-ийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн аймгийн ИТХ-ын ажлын алба болон “Нарны дөш” ӨЭМТ-ийн ахлагч Чулуунцэцэг нартай холбогдон,  туршлагуудаас суралцаж мэдээлэл авсан байна.

 

Өвөрхангай аймгийн суурин бус хүн амын зардлаа сумдаасаа татан төвлөрүүлдэг туршлага болон Баяндзүрх дүүргийн ӨЭМТ-ийн 3 сар гэрээг дүгнэж, шагнаж урамшуулдаг туршлагуудыг судалж, хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

  • Олон нийтэд мэдээлж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах

 

Улиастай сумын ӨЭМТ-үүдээс үзүүлж байгаа тусламжийн  талаар  иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх  болон Улиастай сумын ӨЭМТ-үүдийн талаар авах арга хэмжээ хяналт үнэлгээний  дүнг шийдвэр гаргагч нарт танилцуулах зорилгоор ТВ мэдээллийг Шинэ Завхан ТВ-тэй хамтран зохион байгуулж, Улиастай сумын ИТХ-ын тэргүүлэгчид, олонхийн бүлгийн гишүүд, шийдвэр гаргагчид, багаас сонгогдсон  ИТХ-ын төлөөлөгч нарт үр дүнгийн мэдээлэл хийсэн.

 

Шигтгээ 2: Цаашид одоогийн мөрдөж байгаа эрх зүйн орчинд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээг өргөтгөх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд

 

1. Эрүүл мэндийн тухай, Эрүүл Мэндийн даатгалын тухай,  Нийгмийн Халамж Үлйчилгээний тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын дагуу Өрхийн эмнэлэг бусад санхүүжилтийн эх үүсвэр хайж, зарим төлбөртэй үйлчилгээ явуулах эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэнд хамрагдах, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх, ажил олгогчийн дэмжлэг авах  боломжтой байна.

 

2. Нэг иргэнээр тооцсон зардлаар санхүүжүүлэх журамд өөрчлөлт оруулан зөвхөн тухайн багийн бус бусад суурин бус хүн ам, өрхийн эмчээр үйлчлүүлэхээр бүртгэгдсэн үйлчлүүлэгчээр санхүүжүүлэх боломжийг хайж үйл ажиллагаагаа сурталчлан олон нийтийн дэмжлэг авах

 

3. Өрхийн эмнэлгийн бүх ажилтнууд нөхөрлөлийн гишүүн байж, Нөхөрлөлийн үндсэн шинж болох гишүүдийн хувь хөрөнгийг тодорхой хувь хэмжээгээр гаргаж, оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

 

Үр дүн, үр нөлөө:

 

  • Сумын  ИТХ-нь төрийн үйл ажиллагааг хянадаг, бодлого боловсруулж, асуудлыг шийдэх гарцыг хайдаг, иргэдээ сонсдог Нутгийн Өөрөө Удирдах байгуулагын талаарх иргэдийн ойлголт нэмэгдэж, ИТХ-ын төлөөлөгч нарын ӨЭМТ-ийн талаарх мэдлэг ойлголт, хандлага эерэгээр өөрчдлөгдсөн

 

  • НӨУБ-ын төрийн үйл ажиллагаанд хяналт тавихад сумын  ИТХ-ын төлөөлөгчид, Багийн ИНХ, ажлын алба, багийн Засаг дарга нарын оролцоо нэмэгдэж, Сумын ИТХ-ын ажлын алба, тэргүүлэгчид, багийн Засаг дарга,  аймгийн ЭМГ-ын дарга мэргэжилтнүүдийн ажил ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд чиглэж, талуудын оролцоо нэмэгдсэн.

 

  • ӨЭМТ-үүдээс үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, цаашид хүргэх боломжтой тусламж үйлчилгээний талаар орон нутгийн ТВ, сониноор олон нийтэд мэдээлж ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаа болон Улиастай сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрүүдийг сурталчилсан,  иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдсэн.

 

Сайн туршлага:

 

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежментийг сайжруулах төслийн уралдаан зарласан  бөгөөд уралдааны болзлын төслийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батласан. Тэрээр баталсан тогтоол,  болзлын шалгуурын дагуу өрхийн эмнэлгүүд үйл ажиллагаандаа менежмент хийх, 2016 онд ӨЭМТ-үүд зарим төрлийн шинжилгээ  жишээ нь хүүхдийн цагаан хорхой шинжлэх зэрэг шинжилгээг өрх дээрээ хийх, хөрөнгийн асуудлыг Улиастай сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаанд оруулж шийдүүлсэн.

 

  • Ойролцоох сумдаас түр оршин сууж байгаа иргэдийн нэг иргэнээр  тооцсон зардлаар санхүүжилтийг сумаас нь татан төвлөрүүлэх болон бусад санхүүгийн эх үүсвэрийг хайх боломжуудыг судалж, Нийгмийн Халамжийн тухай хуулийн дагуу  Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ ӨДРӨӨР, ГЭРЭЭР, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ сургалтаар олгох,  Хүүхдийн болон ахмадын зуны сувилал ажиллуулах, түр ажлын байр гаргах, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломжит хувилбаруудыг гаргаж, шийдвэр гаргагчид болон ӨЭМТ-ийн эмч ажилануудад санал болгосон.

 

 

Шигтгээ 3: УИХ,  Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-д тавих санал:

 

  1.  3-аас дээш жил  оршин сууж байгаа / ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэд, жирэмсэн төрөх насны эмэгтэйчүүдийн/ зардлыг тухайн суурьшиж байгаа орон нутгийн  төсөвт суулгаж өгөх

  2.  ӨЭМТ-үүд нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага юм бол гэрээний үүргийн биелэлтийг үйлчилж байгаа хүн амын Засаг захиргааны нэгж / баг, сумын ИТХ болон  ИНХ, Засаг дарга, ажлын алба/ үйл ажиллагаанд нь үнэлгээ өгч хариуцлагыг бий болгох  эрх зүйн зохицуулалт хийх

  3. Нөхөрлөлийн тухай хуулиар байгуулагдсан ЗБН нь боловч зөвхөн төрийн санхүүжилт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн бус байгуулага гэсэн ойлголтыг нэг мөр болгох /Нөхөрлөлийн гишүүд нөхөрлөлдөө ямар хөрөнгө оруулалт хийж хэрхэн ажиллаж болохыг / илүү нарийн судалж шийдэх

  4. Төрийн үйлчилгээг иргэндээ хүргэх, тэр тусмаа хүний амин чухал баялаг болсон эрүүл мэндийн анхан шатны тусламж авах үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэнээ суурин, суурин бус гэж алагчлалгүй үзүүлэх эрх зүйн зохицуулалт хийх

  5. Зөрчилтэй байгаа хуулийн зохицуулалтуудыг  нягтлан үзэж, хөдөө орон нутаг / гэр хорооллын / хэдэн хүн амд нэг ӨЭМТ байх, нэг эмч хэдэн хүнд хүрч үйлчилж чанартай үйлчилгээ хүргэхийг дахин судлаж, ӨЭМТ-ийн стандартыг шинэчлэх, МУЗГ-ын 2011 оны 364 дүгээр тогтоолыг өөрчлөх

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%