Орон нутгийн түвшинд иргэдийг төлөөлөх, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавихад иргэдийг төлөөлөх хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь ИТХ-д дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБХХ-өөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013 оны 3-р сард эхлүүлсэн бөгөөд төслийн эхний үе шат 2016 оны 12-р сард дуусна.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн зорилго нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулахад орон нутгийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх явдал юм.
Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах 4 үр дүнг бий болгохоор төлөвлөсөн. Үүнд:
- Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгох
- Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх
- Орон нутгийн Хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх
- Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах
Төслийн дунд хугацааны үнэлгээний зорилго нь НӨУБЧБ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь үр нөлөөтэй ( төсөл төлөвлөсөн зорилгодоо хүрэхэд нөлөөлж байгаа эсэх), тогтвортой ( төслийн хугацаа дууссаны дараа үргэлжлэх чадвартай эсэх), үр ашигтай, төлөвлөсөн цаг хугацаандаа хэрэгжиж байгаа эсэхийг үнэлэх явдал байлаа.
Төслийн дунд хугацааны үнэлгээний ерөнхий дүгнэлт, зөвлөмжийн дагуу үнэлгээний үндсэн таван асуултын дагуу гол дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж байна. Зөвлөмжийг төслийн энэ үе шатны сүүлийн жилд хэрэгжүүлэх богино хугацааны болон дараагийн үе шатанд хэрэгжүүлэх дунд буюу урт хугацааны зөвлөмж гэж ангилсан.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийг боловсруулсан байдал, төслийн хандлага нь зорьсон үр дүнд хүрэхэд ач холбогдолтой, хангалттай байв уу?
- Энэхүү төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулах, зохицуулалт хийх, техникийн дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн багийн зэрэгцээ сургалт явуулахад орон нутгийн сургагч багш нарыг ажиллуулсан нь харьцангуй богино хугацаанд 7300 орчим хүнийг оролцуулсан том хэмжээний сургалт зохион байгуулахад тохирсон арга барил болжээ. Иймд 2017 оны эхээр явуулах дараагийн сургалтад энэ арга барилаараа ажиллахыг зөвлөмж болгож байна.
- Төслийн дараагийн үе шатанд төслийн эцсийн үр дүнг тодорхой харж ололт амжилтыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан хэрэгжүүлэх боломжтой процессын хандлагыг сонгохыг төслийн түншлэгч талуудад зөвлөж байна. Ингэхдээ НҮБХХ, ШХА-ийн төслөөс гарах стратегийг мөн харгалзан үзэж томьёолсон байх нь зүйтэй. Эхэн үедээ төслийн хүрэх үр дүн, үйл ажиллагаанууд нь уян хатан байж болох юм. Төслийн удирдах зөвлөл нь мэдээлэл сайтай, идэвхтэй ажилладаг учраас үйл ажиллагаануудыг тухайн цаг үеийн хэрэгцээнд нийцүүлэн жил тутам тодорхойлох боломжтой.
- Ийм хандлагыг амжилттай болгохын тулд гарч болох эрсдэл, боломж, бололцоо, таамаглал, эцсийн үр дүнд хүргэх ололт амжилтын шалгуур үзүүлэлтийн явцад сайн мониторинг хийх хяналт, үнэлгээ, шинжилгээний илүү үр дүнтэй тогтолцоо шаардлагатай.
- Орон нутгийн хурлуудын ажлын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зориулж нэмэлт хөрөнгө нөөцийг төслийн дараагийн үе шатанд ч мөн хуваарилах нь зүйтэй. Үнэлгээний явцад хүмүүсийн дурдсан дараах хэд хэдэн сонирхолтой санааг төслийн 2 дахь шатны санал боловсруулах явцад судлан үзэх хэрэгтэй.
а/. Аймаг, дүүрэг, сумын ИТХ-ууд болон баг хорооны иргэдийн нийтийн хороо хоорондын холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгох, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор энэ асуудал явагдаж эхэлсэн ч багийн Засаг дарга, ИХ-ын дарга нарыг сургалтад хамруулах буюу тогтмол хугацаанд хамтарсан уулзалт хийх замаар энэ харилцааг цаашид бэхжүүлж болох юм. Баянхонгор аймгийн туршлагаас харахад багийн хурлын үйл ажиллагаа болон хуралд иргэдийн оролцоог дээшлүүлэхэд энэ нь тус дөхөм болдог байна.
б/. Орон нутгийн хувьд чухал асуудлыг шаардлагатай үед төрийн бодлогод тусгуулахын тулд аймаг, хотын ИТХ болон УИХ-ы хоорондын, ялангуяа ИТХ-ын төлөөлөгчид болон тухайн аймгаас сонгогдсон эсвэл тухайн нутгаас гаралтай УИХ-ын гишүүд хоорондын харилцааг идэвхжүүлэх санаачлагыг төсөл дэмжиж болох юм.
с/. ИТХ-ын орон нутгийн хөгжил, орон нутагт сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой үүрэг, үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, Олон нийтийг ерөнхийд нь эсвэл тодорхой зорилтот бүлгийг сонгон авч энэхүү үйл ажиллагааг явуулж болох юм. Тухайлбал орон нутгийн улс төр, төрийн хэрэгт залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд ИТХ-ын төлөөлөгчид болон залуучуудын тогтмол уулзалтыг иргэний танхимд зохион байгуулдаг байж болно.
d/. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг эсвэл ИТХ-тай хамтран ажиллах шаардлагатай яам, агентлагийн төлөөллийг ИТХ-ын суурь сургалт юм уу ИТХ-ын тэргүүлэгчдэд зориулсан сургалтад хамруулах. Үнэлгээний явцад зөвлөх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын газрын даргатай уулзсан бөгөөд орон нутгийн хамгаалалттай газрыг бий болгох, удирдахад орон нутгийн захиргаа, ИТХ-ын үүрэг оролцоог дээшлүүлэх шаардлагатай байгаа талаар ярьж байсан. Тэрээр ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтад хамтран ажиллах талаар цаашид ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн төлөвлөсөн үйл ажиллагаа батлагдсан төслийн баримт бичгийн дагуу бөгөөд амжилттай, хамгийн үр ашигтай байдлаар хэрэгжиж чадсан уу?
- Анхны төлөвлөгөөний үүднээс авч үзвэл төсөл ихэнх төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Зарим жижиг үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн нь байнга хувьсан өөрчлөгддөг орчинд хэрэгжиж буй ийм төслийн хувьд хэвийн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл зарим үйл ажиллагааг орхиж, өөр шинэ үйл ажиллагаа нэмсэн байна. Ийм өөрчлөлтийн үндэслэлийг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд тодорхой онцлон тусгаж байх хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө өөрчлөлтийг төслийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн, батлуусан байна.
- Цаг хугацаандаа хийгдээгүй, НҮБХХ болон төслийн удирдах зөвлөлийн шаардлагад нийцээгүй захиалгаар гүйцэтгүүлсэн хэд хэдэн үйл ажиллагаа голдуу судалгаа, сургалтын хөтөлбөр боловсруулах ажил байсан. Энэ тохиолдлуудад дотоод нөөц бололцоогоо ашиглах, гаднаас мэргэжлийн дэмжлэг авах замаар ажлын гүйцэтгэлийг хангасан нь үр дүнтэй болжээ.
- ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалтад орон нутгийн сургагч багш нарыг татан оролцуулсан нь ач холбогдолтой, үр дүнтэй болсон байна. Эдгээр сургагч багш нар нь ерөнхийдөө практик, орчин нөхцөлийн талаар тодорхой мэдлэг сайтай бөгөөд сургалтын дараа ч гэсэн суралцагчид тэдэнд хандах боломжтой байна. Харин дараагийн 2017 оны эхээр хийгдэх суурь сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд сургагч багш нарын заах арга барилыг сайжруулах ажлыг 2016 онд зохион байгуулах хэрэгтэй байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь аймаг, сумдын хурлын төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх, ИТХ-ын хяналтын чиг үүрэг, иргэдийн өмнө тайлагнан хариуцах байдал сайжрах болон орон нутгийн түвшинд үйлчилгээний чанар дээшлэхэд нөлөөлөв үү?
- Иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын чанарыг хангах бүхий л арга хэмжээг төсөл авч хэрэгжүүлж байна. Бүх сургалт дуусаагүй байгаа ч сургалтын модулиуд чанартай, агуулга нь ач холбогдолтой, ерөнхийдөө практик шинж чанартай, сургагч багш нар чадвартай гэдгийг олон эх сурвалж баталж байна. Ихэнх оролцогч сургалтыг маши хэрэгцээтэй, чанартай, ИТХ-ын төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чухал байсан гэж үнэлжээ. Саяхныг хүртэл Хурлууд гүйцэтгэх засаглалын амыг л хардаг, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, хариуцлага тооцох талаар ёс төдий үүрэгтэй байсан. Аажимдаа орон нутгий хурал нь нутгийн өөрөө удирдах тогтолцооны хамгийн хүчирхэг байгууллага болох учиртай. Дээрх чиг үүргийг иргэд өөрсдөө шууд хэрэгжүүлэх боломжгүй юм. Орон нутгийн хурлын төлөөлөгчид “тоглоомын үндсэн дүрэм”-ийг мэдээд зогсохгүй орн нутагт засаглалын тогтолцоо хэрхэн хэрэгжих ёстой болохыг ойлгож мэдэх, тэд нутгийн захиргааны өмнө бус харин захиргааны албан хаагчид тэдний өмнө ажлаа хариуцан тайлагнах ёстой болох талаар сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд шилжилтийн энэ чухал мөчид иргэдийн төлөөлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна. Ийм сургалт явуулаагүй бол орон нутгийн хурлын төлөөлөгчид чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байх байсан гэж дүгнэхэд буруудахгүй болов уу.
- ИТХ-ын төлөөлөгчид чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд тэдний чадавхийг бэхжүүлэх сургалт өндөр үр дүнтэй байсан бөгөөд хурлын төлөөлөгчид сургалтаас олж авсан мэдлэг, чадвараа идэвхтэй ашигладаг болохыг үнэлгээ олж тогтоолоо. НӨУБЧБ төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт нь ИТХ-ын төлөөлөгчдийн чадавх, бодит үйл ажиллагаанд шууд эерэг нөлөө үзүүлснийг тайлангийн 2.3 дахь хэсэгт авсан жишээнүүд харуулж байна. Үүний үр дүнд аймаг, сумын удирдлагын үйл ажиллагаа сайжирсныг харуулах өөр бусад жишээнүүд ч бий. Орон нутгийн гүйцэтгэх засаглал ( Засаг дарга болон яам, агентлагийн харьяа газрууд) болон ИТХ хоорондоо илүү мэдээлэл солилцдог болсноор орон нутгийн удирдлагын ил тод байдал дээшилж, ИТХ нь гүйцэтгэх засаглалтайгаа хариуцлага ярьдаг болж байгаа нь орон нутгийн түвшинд анх удаагаа эрх мэдлийн тэнцвэр бий болох эхлэлийг тавьж байна. Холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр илүү их зүйл хийх шаардлагатай боловч ИТХ-ыг чадавхжуулсны үр нөлөө нь орон нутгийн түвшнээр хязгаарлагдахгүй юм. Цаашдаа иргэдийн хурлын төлөөлөгчид асуудлыг илүү хүчтэй ярьж хэлж, өөрчлөлтийг эхлүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, орон нутаг уруу эрх мэдлийн төвлөрлийг сааруулахыг шаардах ( Засаг дарга юм уу тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнээр дамжуулан ) чадвартай болно.
- ОНХС-гийн үйл ажиллагаа 2013 оноос эхэлж, ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтыг 2014 оны эхнээс зохион байгуулж эхэлсэн нь өөр хоорондоо ач холбогдолтой болсон байна. Сургалт ИТХ-ын төлөөлөгчдийг орон нутгийн засаглал гүйцэтгэх идэвхтэй үүргийнх нь талаар чадавхжуулсан бол Орон нутгийн хөгжлийн сан нь сурч мэдсэнээ бодит амьдралд хэрэгжүүлэх хэрэгсэл болж, орон нутгийн хөгжилд ИТХ чухал үүрэгтэй болохыг батлан харуулжээ. Энэ 2 үйл явц ийнхүү зэрэг явагдсаны үр дүнд ИТХ-ын статус, үнэлэмж өссөн бөгөөд 2016 онд болох орон нутгийн сонгуулиар үр нөлөө нь тодорхой харагдах болов уу. Иргэд ИТХ-ын талаар илүү мэддэг болсноос гадна одоогийн хурлын төлөөлөгчдийн олон нь сонгуульд дахин өрсөлдөж, дахин сонгогдож ч болох юм.
- Сургалтын талаар оролцогчид ерөнхийдөө сэтгэл хангалуун байсан бөгөөд сургалтыг цаашид үргэлжлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Сургалтыг илүү сайжруулахад дараах хэдэн асуудлуудыг анхаарах хэрэгтэй гэдгийг оролцогчид онцолсон.
а/. Сургалтын хугацаа- сургалтыг ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсоноос хойш 1,5-2 жилийн дараа л зохион байгуулсан нь сургалтын үр дүнг хязгаарласан нь тодорхой. Дараагийн сургалтыг орон нутгийн сонгууль явагдсаны дараа даруйхан зохион байгуулах хэрэгтэй. Төслийн удирдлага үүнийг мэдэж байгаа бөгөөд дараагийн сургалтыг 2017 оны эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
b/. Анх удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байгаа хүмүүс болон дахин сонгогдсон төлөөлөгчдийг ялангуяа дараагийн сургалтын үеэр тусад нь сургах эсэх талаар сургалтад оролцогчид, сургагч багш нар янз янзын бодолтой байв. Мэдлэг сэргээх нь чухал байдаг тул дээрх 2 бүлгийг хамтад нь сургах нь зөв байж болох юм. Түүнээс гадна дахин сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид практик жишээ, баримтаар сургалтыг баяжуулж, шинэ төлөөлөгчдөд харилцан суралцах боломж олгоно. Нөгөөтэйгүүр дахин сонгогдсон төлөөлөгчдийн хувьд ямар ч нэмэлт шинэ зүйл байхгүйгээс сургалтад хамрагдахгүй байж магадгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэднийг хамт сургах, тэгэхдээ сургалтын эхэнд хэн нь шинээр сонгогдсон, хэн нь дахин сонгогдсон болохыг ялгаж, сургалтын явцад дахин сонгогдсон төлөөлөгчдөөр бодит жишээ, баримт яриулах зэргээр идэвхтэй татан оролцуулах хандлагыг ашиглаж болох юм. Мөн бүлгийн ажлын явцад илүү нарийн асуудал сэдвийг хариуцуулах (нэмэлт сургалт, мэдээлэл өгүүлэх) зэргээр дахин сонгогдсон төлөөлөгчдийг ашиглаж болно.
с/. Улаанбаатар хот, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хот суурин газрын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн сургалтыг хүсч байв. Эхний чадавхжуулах суурь сургалт аймаг сум уруу хэт анхаарсан, сургагч багш нар ч хотын бодит жишээ, тохиолдол мэдэхгүй, хот суурин газрын холбогдолтой асуултад хариулж чадахгүй байсан гэж тэд ярьж байв. Сургалт нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд их хэрэгтэй тул сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэхдээ тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэх шаардлагатай гэдгийг тэд онцолж байлаа. Үүний тулд Улаанбаатар хот дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, МНУН-ийнхэнтэй идэвхтэй ярилцаж хэлэлцэх хэрэгтэй бөгөөд үүнийг төслийн 2 дахь шатны санал батлагдах хүртэл хойшлуулж болохгүй. Иймд 2015 оны сүүл 2016 оны эхэнд Улаанбаатар хот, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, МНУН-ийн төлөөллийг оролцуулсан цомхон ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлээр 2016 онд судалгаа хийж, хөтөлбөрийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг НӨУБЧБ төсөл төлөвлөх нь зүйтэй. Энэ саналыг Улаанбаатар хот, дүүргийн ИТХ-ын төлөөлөлтэй ярилцсан бөгөөд тэд дэмжсэн болно.
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хооронд болон нэг аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хоорондын харилцаа, холбоо сайжирсан. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилттэй төслүүд илүү сайн хэрэгжих болсон нь сургалтын явцад бий болсон эерэг үр нөлөө юм.
- Иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилготой жижиг тэтгэлгийн төслүүдийн хувьд орон нутагт ач холбогдолтой, өөрсдөө бүрэн хариуцах шинэ санал, санаачилгыг турших Монголын нөхцөлд тохиромжтой арга хэмжээ болсон нь үнэлгээгээр тогтоогдлоо. Эдгээр тэтгэлэгт төслүүд нь гадны хүмүүст “эгэл” санагдаж болох ч тухайн орчин нөхцөлдөө шинэлэг бөгөөд оролцоо, хяналтын асуудлыг шат ахиулах оролдлогууд юм. Үүнтэй холбоотой сайн туршлагуудыг нэгтгэн судалсны үндсэн дээр төсөл үр дүн, сургамжийн талаар нийтэд мэдээлэл идэвхтэй түгээх арга замыг олж тодорхойлох нь чухал. Сайн туршлагыг зөвхөн эмхэтгэн хэвлэх нь хангалттай бус юм. Иргэдийн оролцоо, хяналтын чиглэлээр тодорхой “ жишиг” буюу зааварчилгаа эндээс бий болохгүй ч хэрэгжсэн төсөл, санаачилгын талаар дүгнэлт хийж, суралцах, НӨУБЧБ төслийн санхүүжилтгүйгээр эдгээр туршлагыг бусад хурлуудад хэрхэн нэвтрүүлж болох талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөд хэрэгтэй билээ. Аймаг, сумдад ном, товхимол тарааж өгснөөр тэд сайн туршлагыг хэрэгжүүлчихнэ гэж үзэж болохгүй байх. Иймд сайн туршлагуудыг төслийн 2 дахь үе шатанд хэрхэн ашиглах, нэвтрүүлэх талаар холбогдох ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцох нэг өдрийн семинарыг 2016 онд зохион байгуулж болох юм.
- Төслийн хүрээнд www.khural.mn цахим хуудас бий болгосон нь мэдээллийн эх сурвалжийг нэмэгдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар иргэдэд үндсэн ойлголт, цаг үеийн мэдээлэл хүргэх чухал нэмэлт арга хэмжээ болжээ. Интернэтийн хүртээмж хязгаарлагдмал нөхцөлд энэхүү цахим хуудас нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдийн хооронд мэдээлэл солилцох цор ганц арга зам байж болохгүй. Интернэт ашиглах боломжтой хэд хэдэн сумын төлөөлөгчид www.khural.mn цахим хуудсыг ажиллуулах санаачилгыг зөв зүйтэй бөгөөд цаашид үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгож, тухайн аймаг, сумдын иргэдийн хурлын төлөөлөгчид хоорондоо мэдээлэл, туршлагаа солилцох, нэгнээсээ туслалцаа дэмжлэг авах зорилгоор харилцах боломжийг бүрдүүлсэн бүлгийн дэд хуудастай болох хүсэлтэй байгаагаа хэлж байв. Үүнийг дэмжихэд эхэн үедээ төслийн зүгээс туслалцаа шаардлагатай болж болох ч яваандаа илүү туршлагатай хурлын нарийн бичгийн дарагд хариуцуулж өгч болох юм. Хэрэв төсөв хөрөнгийн бололцоо байх юм бол 2016 онд иймэрхүү төрлийн онлайн форумыг туршиж үзэхэд буруудахгүй юм.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэхтэй холбоотой үйл ажиллагаа нь анх төлөвлөж байснаас харьцангуй илүү ярвигтай байна. Тайлангийн 2.3.4 дэх хэсэгт өгүүлсэнчлэн энэ ажил одоохондоо мухардалд ороод байна гэж хэлж болох байна. Үндсэн хуульд өөрчлөлт хийгдэхгүй, хуулийн шинэчлэлийн төсөл боловсруулж байгаа багт олон улсын зөвлөгөө өгч чадавхжуулахгүй бол одоогийн байгаа хуулийн шинэчлэлийн санал нь өнгөц засвар ( нэмэлт өөрчлөлт) төдийгөөс хэтрэхгүй бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд саад тотгор болж буй бүтцийн гажуудлыг засч, үр нөлөө үзүүлэх хэмжээнд боловсруулагдаагүй байна. Ийм учраас төслийн удирдах зөвлөл нь энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж, хуулийн өөрчлөлтийн саналыг энэ шатанд үргэлжлүүлжх нь чухал хэрэгтэй эсэх талаар шийдвэр гаргах нь зүйтэй .
Сургалтын тогтолцоог цаашид удаан хугацаанд, үр дүнтэй байлгах батлагаа хэр зэрэг байна вэ? Институц, зохион байгуулалт, санхүүжилтийн хувьд НӨУБЧБ төслийн үр дүн тогтвортой үргэжилж чадах уу?
Институцийн тогтвортой байдал:
Өнөөгийн нөхцөл байдалд төслийг УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны удирдлага дор УИХ-ын Тамгын газар хэрэгжүүлэхийг хэвээр үлдээх нь зүйтэй. Өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхааран хариуцаж ирсэн бөгөөд энэ нь төслийг амжилттай институтчлэх, иргэдийн хурлын төлөөлөгчдийн сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулахад тун чухал урьдач нөхцөл юм. Эрх зүй, институц талаасаа өөр бусад хувилбарууд байж болох боловч чадавх талаасаа тэдгээр нь оновчтой бус юм. Төслийн дараагийн үе шатанд УИХ-ын Тамгын газрын үүрэг үндэсний хэмжээнд зохицуулалт хийх, чанарын хяналт тавих чиглэл рүү аажмаар буурч болох бөгөөд сургалт явуулах, хөтөлбөрийг шинэчлэн засварлаж, боловсронгуй болгох, сургагч багш нарыг сургаж бэлтгэх, www.khural.mn цахим хуудсыг хариуцан ажиллуулах асуудлыг төрийн бус байгууллага, сургалтын хүрээлэн хийх чадвар боломжтой нь харагдсан.
Төслийн удирдах зөвлөлийг Нутгийн удирдлагын дэд хорооны удирдлага дор Сургалт зохицуулах байнгын зөвлөл болгон аажмаар өөрчлөн институцлэх, төсөл хэрэгжүүлэгч бүх талын оролцоог хангаж, харин ШХА, НҮБХХ яваандаа зөвлөлөөс гарах хэлбэрийг санал болгож байна.
Зохион байгуулалтын тогтвортой байдал:
Иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын зохион байгуулалтын тогтвортой байдлын хувьд төслийн дараагийн үе шатны санаылг боловсруулахдаа зохион байгуулалтын дараах арга хэмжээг тусгахыг зөвлөж байна.
1. Төсөл хэрэгжүүлэх талуудын зохион байгуулах чадавхийн хэрэгцээнд үнэлгээ хийх (УИХын Тамгын газар, МНУХ, МБСҮХ, ОНХИ зэрэг холбогдох төрийн бус байгууллагуудыг хамруулан)
2. Институцийн зохицуулалтын хувьд төслийн хамтрагчид цаашид ямар ямар чиг үүрэгтэй байх, түүнийгээ хэрэгжүүлэх чадавх байгаа эсэх талаар ярилцаж тодорхойлох ( зохицуулалт, сургалтын хөтөлбөр боловсруулах, чанарын хяналт г.м )
3. Төслийн 2 дахь үе шатанд хэрэгжүүлэгч талуудын институцийн болон зохион байгуулалтын чадавхийг дээшлүүлэх нэмэлт дэмжлэг үзүүлэх
4. Цаашдаа сургалтыг хариуцан явуулах байгууллагуудад менежмент, үйл ажиллагаатай холбоотой үүрэг хариуцлагыг аажмаар шилжүүлэн өгөх
- www.khural.mn цахим хуудасны ирээдүйн тогтвортой ажиллагааны хувьд орон нутгийн засаглалын чиглэлээр ажилладаг аль нэгэн ТББ-д эхлээд гэрээний үндсэн дээр чадавх бэхжүүлэх дэмжлэг үзүүлэх замаар шилжүүлж, яваандаа тухайн ТББ өөрийн нөөц бололцоогоор эсвэл цахим хуудаснаас олох орлогоороо санхүүжүүлэн хариуцах хэлбэрт шилжих нь зүйтэй болов уу. НҮБХХ, УИХ-ын Тамгын газрын аль нь цахим хуудас шилжүүлэх гэрээг байгуулж, хяналт тавихыг тухайнд үед нь шийдэх шаардлагатай болно. Төслийн үнэлгээ хийсэн зөвлөхийн хувьд техникийн дэмжлэг үзүүлэх ажлыг НҮБХХ-ээр дамжуулан зохион байгуулахад илүү хялбар тул төслийн энэ элементийг НҮБХХ хариуцан гэрээ байгуулахыг зөвлөж байна.
- Аймгийн ИТХ-ын хамгийн туршлагатай нарийн бичгийн дарга нар, орон нутгийн засаглалын мэргэжилтнүүдээс бүрдсэн орон нутгийн засаглалын цомхон зөвлөх бүлэг байгуулах асуудлыг төслийн 2 дахь үе шатны санал боловсруулах үед судлан үзэхийг зөвлөж байна. Тус зөвлөх бүлэг нь УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороонд зөвлөгөө, мэдээлэл өгөх, ЗЗНДНТУХ-ийн шинэчлэлийн талаар хэлэлцэх, орон нутаг дахь үйл ажиллагааныхаа төвлөрлийг бууруулах сонирхолтой яам, агентлагуудад зөвлөгөө өгөх, яваандаа төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг боловсруулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэгтэй байж болно.
Санхүүгийн тогтвортой байдал:
- Иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын санхүүгийн тогтвортой байдлын хувьд төслийн 2 дахь үе шатны саналыг боловсруулах үед буюу 2016 онд тус тайлангийн 2.4 дэхь хэсэгт танилцуулсан санхүүжилтийн хувилбаруудыг судлан үзэж, төслийн бүхий л хамтрагчдын хүрээнд хэлэлцүүлэн хамгийн оновчтой хувилбарыг сонгон, хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмын төслийг боловсруулж, тухайн хувилбарыг турших замаар төслийн 2 дахь үе шат дуусах үед иргэдийн хурлын төлөөлөгчдийн сургалтын зардлыг Засгий газар юм уу тухайн иргэдийн хурал бүрэн хариуцдаг байх хэлбэрт аажмаар шилжихийг зөвлөмж болгож байна.
- Тэтгэлэгт хөтөлбөрийн тогтвортой байдлын хувьд ардчилсан практикийг бэхжүүлэх санаачилгыг дэмжих үйл ажиллагааг төслийн дараагийн үе шатанд үргэлжлүүлэх нь зүйтэй. Учир нь нөхцөл байдлыг сайжруулах талаар доороос шинэ санаа, шинэлэг практик бий болгохын тулд ИТХ-уудыг өнөөгийн цаг үед идэвхжүүлэх ийм арга хэмжээ чухал гэдэг нь өмнөх тэтгэлгүүдээс харагдсан. Харин шинээр байгаль орчныг хамгаалах, залуучуудын оролцоог дэмжих, хурал, иргэдийн хоорондын харилцааг эрчимжүүлэх сэдвүүдийг нэмж оруулж болох юм. Ямартай ч тэтгэлэгт төслүүдэд үнэлгээ хийж, сайн туршлага, сургамжийг нэгтгэн түгээн дэлгэрүүлэх нь тун чухал. Төслийн 2 дахь үе шат дууссаны дараа тэтгэлэгт хөтөлбөрийг заавал үргэлжлүүлэх шаардлагагүй тул цаашид институтчлэх талаар авч үзэх шаардлагагүй.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн ололт, амжилт, урагштай байдалд дотоод менежмент болон гадаад орчинтой харилцах байдал хэр зэрэг нөлөөлөв?
- Ерөнхийдөө төслийн багийн ажилтнуудын хариуцан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа НҮБХХ-ийн чанарын стандарт, журамд нийцэж байна гэж үзлээ.
- НҮБХХ-өөс Үндэсний Гүйцэтгэлийн хэлбэрт шилжих шийдвэр хэт яаран гаргасан нь төслийн менежментэд сөргөөр нөлөөлсөн байна. Менежментийн ийм томоохон өөрчлөлтийг төслийн дараагийн үе шат хүртэл хойшлуулах нь зөв болох байжээ.
- Төслийн менежменттэй холбоотой анхаарах асуудлууд:
1. НӨУБЧБ төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Үндсэ мэдээлэл цуглуулах практикийг 2016 онд сайжруулж, төслийн 2 дахь үе шатны санал боловсруулах ажлын хүрээнд илүү сайн, үр дүнд чиглэсэн мониторингийн тогтолцоог тодорхойлохыг зөвлөж байна.
2. Мэргэжлийн дэмжлэг нэмж авах шаардлагатай ( ялангуяа орон нутгийн засаглалын тогтолцоо, бусад улс орны практик талаас) байна. Үүнийг богино хугацааны зөвлөх ажиллуулах замаар шийдэж болох юм. 2016 онд дараах чиглэлээр гаднаас дэмжлэг туслалцаа авахыг зөвлөж байна.
- Хот, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын талаар судалгаа хийж, санал боловсруулах ( хот суурин газрын засаглалын мэргэжилтэн)
- ЗЗНДНТУХ-ийг шинэчлэх саналыг эцэслэн боловсруулах ( хууль, орон нутгийн удирдлагын мэргэжилтэн )
- Манлайллын сургалтын модуль боловсруулах
- НӨУБЧБ төслийн 2 дахь үе шатны саналыг боловсруулах ( орон нутгийн засаглалын мэргэжилтэн)
3. Зөвлөх үйлчилгээ зарлах, гэрээлэхдээ маш тодорхой чанарын шалгуурыг боловсруулан түүнийгээ мөрдөж ажиллах замаар төслийн хүрээнд чанарын баталгааны урьдач нөхцөлийг сайжруулахыг зөвлөж байна.
4. Төслийн удирдлагын талаар НҮБХХ-ийн Засаглалын баг, УИХ-ын Тамгын газрын ажил үүрэг, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй.
5. Орон нутгийн засаглал, төвлөрлийг сааруулах чиглэлээр ажиллаж буй хандивлагч байгууллагуудын хоорондын координацийг сайжруулах талаар НҮБХХ болон ШХА-ийн зүгээс анхаарч ажиллах хэрэгтэй.
- Монголд чадвартай судалгааны байгууллага, зөвлөх ялангуяа орон нутгийн засаглалын чиглэлд дутагдалтай байгаа учраас төслийн дараагийн үе шатанд НҮБХХ дэмжлэг үзүүлж оролцох үүрэгтэй хэвээр байх шаардлагатай болж байна. Гэхдээ төслийн цаашдын урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд дараагийн үе шатанд орон нутгийн засаглалын чиглэлээр ажилладаг ТББ-уудын чадавхийг бэхжүүлэх тусгай бүрэлдэхүүн хэсгийг багтаах хэрэгтэй байна.