ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ: Орон нутгийн засаглал, хариуцлагын тогтолцоо сайжирч байна.
• Швейцарь бол шууд ардчилал, сайн засаглалын практикийг нэвтрүүлэх Монгол улсын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж буй гол түнш улс билээ. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн шидйвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвөөс хуваарилдаг ОНХС-ийн талаар иргэд илүү мэдээлэлтэй болсон байна. Мөн түүнчлэн иргэд ОНХС-ийн төлөвлөлтөнд оролцож байгаадаа ихээхэн сэтгэл ханамжтай байх болжээ. ОНХС-ийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн хэлэлцүүлгийн чанарыг сайжруулах чиглэлээр ШХА-ийн Засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах хөтөлбөрөөс /ЗТСХ/ орон нутгийн удирдлагад дэмжлэг үзүүлж байна.
ЗТСХ-ийн дэмжлэгтэйгээр 17 сумдын ОНХС-ийн хэлэлцүүлгийг хөтлөн явуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд 2013 онд дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй 151 төсөл, 2014 онд найман тэрбум төгрөгийн өртөгтэй 313 орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих төсөл батлагджээ. Үүнд бэлчээрийн менежмент, орон нутгийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн өргөдөл барагдуулах механизм зэрэг олон төсөл орсон байна. Төслийн сумд иргэдийн саналд тулгуурлан газар ашиглалт, усны нөөцийн менежмент зэрэг олон чухал асуудлаар дүрэм журам боловсруулан баталж, хэрэгжүүлж эхэлсэн байна.
• ШХА-аас шийдвэр гаргалт дахь иргэдийн оролцоог дэмжих үүднээс орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сургах, чадавхжуулах чиглэлээр НҮБХХ-тэй хамтран ажиллаж байна. Тус байгууллагатай хамтран Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслөөс ОНХС-ийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд хяналт тавих талаар орон нутгийн хурлуудад дэмжлэг үзүүлэв. Төслөөс орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөрийг анх удаа боловсруулж, сургалт зохион байгууллаа. Хөтөлбөрийг Удирдлагын Академийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна.
• ШХА-ийн санаачлан эхлүүлсэн Нэг цонхны үйлчилгээний /НЦҮ/ төвүүд 2007 оноос эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд ойр дөхөм, чирэгдэлгүй хэлбэрээр үзүүлж ирсэн. Засгийн газар ч НЦҮ-г дэмжин улсын хэмжээнд нэвтрүүлэн урт хугацааны тогтвортой ажиллагааг хангахуйц санхүүжилт олгохоо илэрхийлсэн. Судалгаанд хамрагдсан НЦҮ-ний 22 төвийн 14-ийнх нь үйл ажиллагаа, урсгал засварын зардлыг 2014 оны төсөвт багтаан санхүүжүүлжээ. Түүнчлэн нийт НЦҮ-ний төвүүдийн 24% нь урсгал зардлаа 2014 оны орон нутгийн төсөвт тусгайлан суулгуулсан байна.
• 2014 оны эхний хагаст улсын хэмжээгээр НЦҮ-ний 41 төв ажиллаж, нийт 845,000 иргэнд /57% нь эмэгтэй/ үйлчилсэн бол түүний өмнөх жилийн мөн үед НЦҮ-ний 31 төвөөр нийт 638,000 иргэн / 55% нь эмэгтэй/ үйлчлүүлж байжээ. 2013-2014 онд НЦҮ-ний төвүүдээр үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийн түвшин 76%-иас 79 % болж өсчээ.
• ШХА, ГОУХАН-ийн хамтран санхүүжүүлсэн Эрчим хүчний үр ашиг төсөл /ЭХҮАТ/ баруун бүсийн хамгийн хүйтэн, алслагдмал сумдын хүүхдийн цэцэрлэгийн барилгад дулааны алдагдлыг бууруулах загварыг туршин үзүүлсэн нь төсвөөс эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах боломжийг харуулсан оновчтой загвараар тодорлоо. Эрчим хүчний хэмнэлт бүхий технологи ашиглан төрийн өмчит барилга байшинг ийнхүү дулаалан, сэргээн засварласан нь хөдөөгийн хүн амд олон талын ашиг тусаа өгч байна. Өмнө нь өвөлдөө -10-15 хэм байдаг байсан цэцэрлэгийн байранд одоо гадаа – 10 хэм хүйтэн байхад дотроо +25 хэмийн дулаанд хүүхдүүд тухалж байна. Төслөөс өвлийн цагт хэрэглэдэг дулааны алдагдлыг бууруулах, доторх дулааныг сайжруулах, улмаар бидний амьдралын хамгийн чухал нөөц болох эрчим хүчийг хэмнэх загварыг хэрэгжүүлэх боломжтойг харуулсан. Энэхүү төсөл эрчим хүчний үр ашгийн тухай ойлголтыг нэвтрүүлээд зогсохгүй орон нутгийн захиргаа нутгийн ард иргэдийнхээ оролцоотойгоор ОНХС-ийн хөрөнгөө хэрхэн оновчтой зарцуулахаа шийдэх бодит боломжийг олгож байна.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨГЖИЛ: Иргэний ниймгийн байгууллагуудын чадавхи, нийгмийн хариуцлага сайжирлаа.
• 2014 оноор дуусгавар болсон ШХА-ийн ТББ-уудын чадавхийг бэхжүүлэх төсөл өмнө нь төлөвлөгдөөгүй нэгэн нааштай үр дүнд хүрлээ. Энэ нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль Монголд анх удаа ТББ-ын удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг олгох хөтөлбөртэй болсон явдал юм. Тус төслийн хамтрагч түнш Женевийн Их сургуулийн ижил төстэй сургалтын хөтөлбөрийн дагуу загварчилсан энхүү зэрэг олгох хөтөлбөр 2014 онд анхныхаа элсэлтийг авч 20 оюутантай / 13 нь эмэгтэй/ болсон байна. Уг төслийн үндсэн зорилго иргэний нийгмийн байгууллагуудын дотоод удирдлагын чадавх, засаглалын бүтцийг бэхжүүлэхэд оршиж байв.
• ШХА-ийн засаглалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын тендер шалгаруулалт, худалдан авалтын үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тендер шалгаруулалт, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт тавьж бизнесийн өрсөлдөөнт, шударга байдлыг хөхүүлэн дэмжихэд Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дэмжих төсөл онцгой анхаарч байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжиж буй 13 аймгийн тендер шалгаруулалт илүү өрсөлдөөнтэй, ил тод болж байгаагийн үр дүнд орон нутагт төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээний зардал 10-15 % буурч байна.
• Уг төслийн дэмжлэгээр төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээний тендер шалгаруулалт, худалдан авалтад ИНБ-ууд хяналт тавьдаг бөгөөд төсвийн хөрөнгийг зохисгүй ашигласан найман тохиолдлыг илрүүлжээ. Үүний үр дүнд төсвийн хөрөнгөөр барилга барьж буй ханган нийлүүлэгчид чанар сайтай материал ашиглах болсон байна.
• Төслийн дэмжлэгээр аймгууд нээлттэй тендер шалгаруулалтыг 199 удаа явуулж, нийт 227 гэрээ байгуулсан байна. Түүнчлэн төрөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйлчилгээний гэрээг орон нутгийн 150 аж ахуйн нэгж, 77 ИНБ-тай байгуулж, тэд нийт 14,6 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн бол 2013 онд 10.3 тэрбум төгрөгин өртөгтэй 115 гэрээ байгуулсан байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОХ ҮР ДҮНГҮҮД
Орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын төслийг иргэдийн оролцоотойгоор сонгох олон нийтийн хэлэлцүүлгийн чанарт ахиц гарлаа. Нийт 64 хэлэлцүүлгийг зохион байгуулах, хөтлөн явуулахад дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд найман тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 313 төсөл Орон нутгийн хөгжлийн сангийн / ОНХС/ хөрөнгө оруулалтаар хэрэгжих боллоо.
Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /ИТХ/ хууль тогтоох, хяналт тавих, төсөв батлах чиг үүрэгбэхжиж байна. Тухайлбал, ИТХ-ын чадавхи бэхжүүлэх үндэсний сургалтад орон нутгаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн 86,8% нь хамрагдаад байна.
Худалдан авах ажиллагааг илүү өрсөлдөөнтэй, ил тод болгосноор улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж ажил үйлчилгээний гүйцэтгэлийн зардал буурлаа. ШХА-ийн төсөл хэрэгжиж буй 13 аймагт гүйцэтгэлийн зардал 10-15% буурсан тооцоотой байна.
Нэг цонхны үйлчилгээний /НЦҮ/ төвөөр үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамжийн түвшин 2013 онд 76% байсан 2014 онд 79% болж өслөө.
Санхүү, эдийн засгийн дээд сургууль төрийн бус байгууллагын удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг олгох сургалтыг 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн явуулж, анхны элсэлтдээ 20 оюутан /тэдний 13 нь эмэгтэй/ элсүүлсэн байна.
Эх сурвалж: Жилийн тайлан 2014
Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд
Хуудас 14-16