Монгол
Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал
болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь
удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, 2017.01.08-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон
Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21
аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь
эрэгтэй, 34 нь эмэгтэй шатарчид байлаа. Мөн АИХ-ын депутат, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их
Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг
төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн шатар сонирхогчид оролцож, оюун
ухаанаа уралдуулсан юм.
Тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд 21-н аймаг, нийслэл
дүүргийн нийт 100-н тамирчин оролцсоноос Нийслэлийн Баянгол дүүргээс оролцогч
Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Баянзүрх
дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн
оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Хөвсгөл
аймгаас оролцсон Д.Хашхүү 6 оноогоор, тавдугаар байрт Сүхбаатар дүүргийн
оролцогч Б.Бат-Эрдэнэ 6 оноогоор тус тус шалгарсан юм. Увс аймгаас оролцсон
Цогцолбор 1-р сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Ц.Цэдэвсүрэн 6-н
оноогоор 9-р байр, Б.Нацаг 4-н оноогоор 51-р байранд шалгарсан байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд 21-н аймаг, нийслэл дүүргийн нийт
34-н тамирчин оюун ухаанаа уралдуулснаас Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа
7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа 6
оноогоор удаалж, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан мөн 6 оноогоор
гуравдугаар байрт шалгарсан бол манай аймгаас төлөөлөн оролцсон Түргэн сумын
сургуулийн номын санч Ц.Наранмандах 4,5-н оноогоор 12-р байранд шалгарчээ.
Эх сурвалж: http://www.parliament.mn/