Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын
13-ны өдрийн А/19 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд 14-15-ны
өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн зарим сумдад ажиллаж цаг үеийн нөхцөл байдалтай
газар дээр нь танилцаж, сумдын онцгой комисст заавар зөвлөгөө өгч, өвөлжилт
хүндрэлтэй байгаа бүс нутгийн малчин өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцан,
тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Онцгой
байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга, аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр,
БСУГ-ын мэргэжилтэн Э.Алтанцэцэг, ХХАА-н газрын мэргэжилтэн Б.Жамбалрагчаа, БОАЖГ-ын
мэргэжилтэн Ү.Мөрдорж, “Увс” нам бус телевизийн сэтгүүлч Д.Цэрэндолгор, ИТХ-ын
ажлын албаны мэргэжилтэн Ч.Хатанбаатар, аймгийн ИТХ-ын жолооч З.Алтантөр, Онцгой байдлын газрын шуурхай
албаны жолооч, ахлах ахлагч Д.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Давст,
Сагил, Түргэн сумдад ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдал, сум, орон нутгаас авч
хэрэгжүүлж буй арга хэмжээ танилцаж, өвөлжилт хүндэрсэн зарим малчид, иргэдтэй
уулзан санал, хүсэлтийг нь сонслоо.
Мөн сумдын онцгой комиссын үйл ажиллагаа,
төлөвлөгөөтэй танилцаж, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл
бэлэн байдлыг шалгах заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ сумдын төсөвт
байгууллагуудаар үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл байдал хэрхэн хангаж
ажиллаж байгаатай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай
арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч ажиллав.
Давст сумын хувьд нийт нутгийн хэмжээнд 100
хувь цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан 20-70 см, агаарын дундаж температур
цельсийн 27-30 градусын хүйтэн. Хандгайт багийн Баруун шил, Зүүн шилийн хагас,
Тэрмис болон Аараг, Торхилог багийн хатуулаг уулсаар цас хамгийн их орсон
байна. 11-р сарын эхээр их хэмжээгээр цас орж хүйтэрсэнээс малын хөл халцарч
эхэлсэн нь мал бэлчээрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Давст
сумын газар нутгийн 60 хувь нь Увс нуур, 20-ийг нь Улсын тусгай хамгаалалттай
газар, хилийн бүс эзэлдэг тул бэлчээрийн хэмжээ хүрэлцээ муутай. Сумын хэмжээнд
82 өрхийн 45118 толгой малын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаагаас өвөлжилт
хүндэрсэн Хандгайт багт 42 өрхийн 195 иргэн /жирэмсэн эх 4, 0-5 насны хүүхэд
35, өндөр настан 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20/, 27100 толгой мал өвөлжиж
байна.
Сумын иргэд 1512 тн өвс, 39 тн тэжээл, сумын өвс тэжээлийн нөөцөд ОНХС-ийн
хөрөнгөөр 40 тн өвсийг бэлтгэсэн. Одоогийн
байдлаар 18-н малчин өрхөд 8,4 тн өвсийг тараагаад байгаам байна. Сумын өвөлжилт
хүндэрч байгаа хилийн зурваст 31-н өрхийн 19 мянган толгой малыг хилийн зурвас
бүсэд бэлчээрлүүлэх саналыг ХЦ-ийн 0245-р ангид хүргүүлж, малчид, заставын
дарга, сумын Засаг дарга нарын гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.
Түргэн сумын хувьд 596 өрхийн 2126 хүн ам оршин сууж байгаагаас 279 өрхийн
1142 хүн ам мал аж ахуйн салбарт ажиллаж байна./0-5 насны хүүхэд 119, өндөр
настан 44, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 15, жирэмсэн эх 17/
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 125654 /тэмээ 346, адуу 3635, үхэр
7020, хонь 66814, ямаа 47830/-н толгой мал тоолуулсан. Сагил болон Бөхмөрөн
сумын нутагт отроор 74-н өрхийн 311 хүн ам /0-5 насны хүүхэд 30, өндөр настан
6, ХБИ 1, жирэмсэн эх 7/ , 36680 толгой мал өвөлжиж байна.
Зудын эрсдэл өндөр бүсэд 115 өрхийн 486 хүн ам, 45445 толгой мал өвөлжиж
байна. 2016 онд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл байдлыг 85 хувьтай хангасан.
Малчид мал бүхий иргэд 1269,3 тн өвс, 315 тн хужир шүү бэлтгэн авч нөөцөлсөн
бол сум өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан сумын аюулгүйн нөөцөндөө 25 тн өвс,
7-н тн тэжээлийн нөөц бүрдүүлсэн. Хөрш зэргэлдээ 79 өрхийн 44178 толгой мал
отроор, сумын дүнгээр 125488 толгой мал өвөлжүүлэн хаваржуулах бэлтгэл ажлыг
ханган ажиллаж байна.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалтын тооцооллоор малчид нэмэгдэл
тэжээлээр тэжээх малдаа 1830,6 тн өвс бэлтгэн нөөцлөхөөс 1269,3 тн буюу
69,4%-ийг хангасан бөгөөд 2016 оны 12-р сарын 25-ны байдлаар нийт бэлтгэсэн
өвснийхөө 70 гаруй хувийг хэрэглээд байна.
Сумын нийт нутаг дэвсгэр 100 хувь цасан бүрхүүл тогтсоноос Баянхайрхан
багийн Атарын чиглэлд хөрсөндөө мөсөн бүрхүүл тогтсоноос мал бэлчээрлэх
боломжгүй болоод байна.Голын өмнө хөвөөнд цасны зузаан 20-50 см хүрсэн нь зудын
эрсдэл үүсэх гол шалтгаан болж байна.
Аймгийн ИТХ-ын ажлын алба