2024-11-20
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн III үе шатны хэрэгжилтийн хүрээнд Арвайхээр суманд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы эх үүсвэрийг багасгах, ойг нөхөн сэргээх суурь байгууламжийг бий болгох зорилтын хүрээнд 15 га талбай бүхий мод үржүүлгийн газар, гүний худаг, хүлэмж, тарьц суулгац хадгалах зоорь, агуулах зэрэг мод үржүүлгийн ажилд шаардлагатай дэд бүтцийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглон үйл ажиллагаа явуулж эхлээд 2 жил болж байна.
Энд өнөөдөр “Арвай” нэртэй эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологи ашигласан сургалт мэдээллийн төв байгуулагдаж, нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав оролцлоо. Тус төвөөр дамжуулан төр хувийн хэвшил болон иргэдийн олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цаашлаад Монгол, Солонгос хоёр улсын ойн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм.
Сургалт, мэдээллийн төвийн барилгыг “Hybrid house” ХХК барьж, ашиглалтанд оруулж байгаа бөгөөд халаалт, дулааны тусгай шугам хэрэглэлгүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй технологоор нарны илчээр дулааныг нь шийдсэн, олон улсын ногоон стантартыг бүрэн хангасан анхны барилга болж байна.